Тэргүүн хатагтай бүрийн амьдрал дардан байдаггүй
2012.09.04

Тэргүүн хатагтай бүрийн амьдрал дардан байдаггүй

 
Орон орны тэргүүн хатагтай нарыг юу нэгтгэдэг вэ. Гоо сайхан, эд баялаг уу, эсвэл эрх мэдэл үү. Харамсалтай нь айдас, дарангуйлагч нөхрөөсөө бүрэн хамааралтай байдал гэвэл үнэнд илүү ойртох байх. Улстөрийн томчуудын гэргий нар хааяа айлын ажилгүй авгай, эсвэл архичны эхнэрүүдэд атаархдаг биз. Сталины хоёр дахь эхнэр Надежда Аллилуева өөрийгөө буудаж амиа хороосон бол Мао Цзэдуны хайртай эхнэр дүүжлэгдсэн байхыг олсон билээ. Ева Брауны хувь заяаны талаар дурсах ч юм биш. Энэ талаар “Леди Правда” сайтад өгүүлж байна.

1919 онд 40 настай Сталин 17-хон настай Надежда Аллилуева хэмээх охинтой гэрлэсэн юм. Тэрээр 13 жилийн турш дарангуйлагчийн эхнэр байсан билээ. 1932 оны 11 дүгээр сарын есөнд Надежда “Вальтер” хэмээх гар буугаар зүрхэн тус газраа буудаж, амиа хорлосон.

Надежда нөхөртэйгөө маш их хэрэлддэг байжээ. Нэгэн үдэшлэг дээр Сталин найзуудтайгаа ширээнд суучихаад, “Хөөш, чи” хэмээн эхнэр рүүгээ хашгирчээ. Гэтэл гомдсон эхнэр нь “Би чиний хөөш биш” гэчихээд ширээнээс босоод явсан байна. Аллилуева үхэхээсээ өмнө захидал бичиж үлдээсэн гэдэг. Түүний охин Светлана “Найздаа илгээсэн 20 захидал” нэртэй дурсамж номдоо “Ээж минь захидалдаа зөвхөн хувийн амьдралаа ч бичээгүй. Үүнийг уншаад ээж аавтай минь бие нь л хамт байсан болохоос үнэндээ тухайн үеийн сөрөг хүчнийхэнтэй сэтгэл нэгдэж явсныг мэдсэн. Үүнээс болж аав маш их хилэгнэсэн. Аав салах ёс гүйцэтгэх ажиллагаанд оролцохдоо авсных нь дэргэд хэсэг байзнаснаа гараараа түлхчихээд цааш явчихаж билээ. Тэр оршуулганд нь оролцоогүй” хэмээн бичжээ.

Ева Брауны эцэг нь захирангуй нэгэн байв. Тэрээр оройн 22:00 цаг гэхэд гэрийнхээ бүх гэрлийг унтраадаг байлаа. Магадгүй үүнээс болж Ева дарангуйлагчид дурласан биз. Тэд анх танилцах үеэр Гитлер өөр бүсгүйтэй явалддаг байжээ. Үүнээс гадна Адольфыг том хөхтэй хүүхэнд дуртайг мэдсэн Ева хөхний даруулгандаа алчуур чихэж явдаг байв. Гитлер түүнийг биеийн тамираар хичээллэхийг шаардаж, тэр ч хүссэнийг нь хийдэг байлаа.

Ева олон удаа амиа хорлохыг оролдсон юм. 1932 оны 11 дүгээр сарын нэгэнд тэрээр хүзүү рүүгээ буудсан боловч ямар ч аюулд өртөлгүй, өнгөрчээ. 1935 оны тавдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Ева эм ууж амиа хорлох гэсэн боловч эгч нь эмч дуудаж, аврагдсан байна.  Гитлер, Ева хоёр албан ёсоор гэрлээд, нэг хоноод л амиа хорлосон юм.

Мао Цзэдуны нууц амраг, сүүлчийн гэргий Цзян Циний буюу Лань Пин (Хятадын тэргүүн хатагтайн нууц нэр) өмнө нь жүжигчин, Хятадын Коммунист намын Төв хорооны Улстөрийн товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Кан Шэний нууц амраг байжээ. Гэвч авхаалжтай бүсгүй амьдралаа төвхнүүлэхийг хүсч, эхнэрээсээ салах дургүй Кан Шэнийг хаяв. Ингээд залуу бүсгүй Мао даргыг эргүүлж эхэлжээ. 1938 онд тэрээр Урлагийн академийн нээлтийн үеэр Мао дарга дээр очиж, лекцийг нь сонссон боловч сайн ойлгосонгүй хэмээн ярьжээ. Сайхан бүсгүйд нүд унагасан Мао шаардлагатай үедээ ичиж зоволгүй хандаж болно хэмээн зөвлөв. 1945 онд онгоцны буудал дээр Мао дарга Улстөрийн товчооныхноос ч ичиж эмээлгүй, Цзян Циний уруул дээр үнссэн гэдэг.

Даргын эхнэрийн амьдрал тийм ч сайхан байсангүй. Мао даргыг өнгөрснөөс сарын дараа буюу 1976 оны 10 дугаар сарын зургаанд Цзян Цинийг Улстөрийн товчооны гурван гишүүний хамт засгийн эрхийг булааж авах хуйвалдаан зохиосон хэргээр баривчилсан юм. Энэ хэргээр Цзян Цинд цаазлах ял оноосон ч хоёр жилийн дараа бүх насаар нь хорих болгож өөрчилжээ. Гэвч хоолойн хорт хавдартай Цзян Цинийг эрүүл мэндийн шалтгаанаар сулласан байна. Суллагдсанаас хойш 10 хоногийн дараа Мао Цзэдуны дөрөв дэх буюу сүүлчийн гэргий эмнэлгийн угаалгын өрөөнд дүүжлэгдсэн байдалтайгаар олджээ.

Саддам Хусейн үеэл дүү Сажид Тульфахаа анхны эхнэрээ болгон авчээ. Гэвч хамаатантайгаа суусан гэлгүй, Сажид түүнд хоёр хүү, гурван охин төрүүлж өгсөн юм. Сажид нөхрөө хоёр дахь эхнэрээ авахад маш их хар­даж, уурладаг байсан аж. Америкийн бөмбөгдөлтийн үеэр Сажид охинтойгоо хамт Иракаас Катар руу дүр­вэсэн. Үүнээсээ болж бусад хүүхэдтэйгээ ч уулзаж чадахгүй, амьдын хагацалд унажээ.

Гэхдээ хамгийн их зовлон үзсэн тэргүүн хатагтайд Угандагийн Ерөнхийлөгч Дад Уме Иди Амины тав дахь эхнэр Сара зүй ёсоор орно. Амин түүнтэй 1975 онд гэр бүл болсон юм. Бүсгүй түүнтэй хувь заяагаа холбочихоод яаж тарчилж амьдарч байсныг баргийн хүн мэдэхгүй.

Иди Аминыг Африк дахь тоталитари дэглэмийг бий болгогч хэмээн үздэг. Түүний дарангуйллын үед Угандагийн 300-500 мянган энгийн номхон иргэн амиа алдсан юм. Тэрээр 2000-гаад хүнийг өөрийн гараар цааш харуулсан гэдэг. 1974 оны гуравдугаар сарын 26-нд Иди Амин Угандагийн радиогоор эхний гурван эх­нэрээсээ албан ёсоор салсан хэмээн мэдэгдсэн. Гэхдээ энэ бол жирийн нэг салалт байгаагүй юм. Амины салсан эхнэр Кей Адроагийн цогцос дөрвөн сарын дараа машины тээшнээс мөчилсөн байдалтайгаар олдсон байна. Түүнийг үр хөндүүлэх гэж байгаад амиа алдсан хэмээн албан ёсоор мэдэгджээ.
Түүнчлэн Амины өөр нэг эхнэр болох Малия-му Путеси Кенитэй даавууны хууль бус наймаа хийсэн хэргээр баривчлагдан, шоронд суусан түүхтэй. Түүнийг шоронгоос гармагц дарангуйлагч нөхөр нь автомашины осолд оруулж, хөнөөжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.