С.Ганбаатар: Халдашгүй байдлын болон тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс Сү.Батболдыг түдгэлзүүлж өгөөч
2021.03.15

С.Ганбаатар: Халдашгүй байдлын болон тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс Сү.Батболдыг түдгэлзүүлж өгөөч

УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой материалыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Хүний эрхийг хамгийн ихээр зөрчигчид УИХ дотор бий. УИХ ичмээр байдалтай байгаа учраас мэдээлэл хийж байна. Англи улсын дээд шүүхийн шүүгч, Хатан хааны зөвлөх шүүхийн шийдвэр, дүгнэлт баримт бичиг гаргажээ. Үүнд 227 хэрэг байна. Англи, Хонг Конг, Америк, Сингапур гээд дөрвөн улсын шүүхэд гарсан баримтууд байна.

Тус шийдвэрт Монголын ард түмний баялгийг Ерөнхий сайд нь бусад орны дээрэмчидтэй нийлж хулгайлсан тухай гарсан. Үүнийг би өнөөдөр УИХ-ын даргад өгч байна. Сү.Батболд ард түмний итгэлийг хөсөрдүүлж баялгийг хулгай хийчихээд ЗГХЭГ болон Оюутолгой компанид дарамт үзүүлж, уучлаарай гэдэг бичиг хийлгэсэн. Дээр нь нэмээд энэ хүн халдашгүй байдлаараа далимдуулж, прокурор, ҮАБЗ-д дарамт үзүүлж байгаа.

УИХ-ын халдашгүй байдлын болон тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс Сү.Батболдыг түдгэлзүүлэх хүсэлтийг өнгөрсөн 7 хоногт гаргасан. Өнөөдөр мөн энэ асуудлыг шийдэж өгөөөч гэж УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж байна. Оюутолгойн 400 тэрбум, Тавантолгойн 320 тэрбум, Эрдэнэтийн 100 гаруй тэрбум долларын баялгийг буцааж авах тэмцэлд энэ удаа ялагдвал дахин ингэж шударгаар тэмцэх хүмүүс гарч ирэхгүй.

Сү.Батболдтой холбоотой Хонг Конг, Лондонгийн шүүхэд яригдаж байгаа шийдвэрүүдийг ярилцаач гэж хүсмээр байна. 12 жилийн дараа Оюутолгой Монголдоо ирэх боломж олдлоо. Үүгээр олон Монгол хүн ажилтай болно" гэлээ.