Хөнгөн хэлбэрийн халдвар тээгчдийг гэрээр эмчлэх ажлыг нэн даруй эхлүүлэх үүрэг өгөв
2021.03.17

Хөнгөн хэлбэрийн халдвар тээгчдийг гэрээр эмчлэх ажлыг нэн даруй эхлүүлэх үүрэг өгөв

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр орой ЭМЯ-нд ажиллаж, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа.

Цар тахлын халдварын тохиолдол нэмэгдэж буй энэ цаг үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, зохион байгуулалтыг хянаж сайжруулахаар мэргэжилтнүүдтэй хуралдсан юм.

Шадар сайд С.Амарсайхан, эрүүл мэндийн яамныханд хандан хөнгөн хэлбэрийн халдвар тээгч иргэдийг гэрээр нь тусгаарлаж эмчлэх, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зөвлөмж зөвлөгөөг байнга утсаар өгөх, үүрэг хариуцлагыг нь сануулан ажиллах хатуу үүрэг өглөө. 

"COVID-19" халдварын тархалт өсөж буйтай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр эмнэлгийн орны хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн багийн нөөц боломжийг бүрэн дайчлах бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Өдгөө эмчлүүлж буй 1100 гаруй хүнээс 90 орчим хувь нь биеийн байдал хөнгөн байгаа тул гэрээр эмчлэх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Шадар сайд хөнгөн хэлбэрийн халдвар тээгчдийг гэрээр нь тусгаарлах ажлыг нэн даруй эхлүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.