2021.03.13
С.Амарсайхан: 14 чиглэлийн үйл ажиллагааг ирэх даваа гаригаас эхлэн 14 хоногоор зогсооно
Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тоо буурахгүй, өсөх хандлагатай байгаа учраас УОК өнөөдөр хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ "Хатуу хол хорио тогтоохгүйгээр зарим арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Хот хоорондын зорчих хөдлөгөөнийг 14 хоногоор хязгаарлахаар шийдвэрлэлээ. Мөн үйлчилгээний газруудыг 22.00 цаг хүртэл ажиллуулж, замын хөдөлгөөнийг 23.00 цагаас 06.00 цаг хүртэл хязгаарлахаар боллоо. Ингэхгүй бол шөнийн цагаар олноороо цуглаж архидан согтуурах, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэж байна.Эрсдэлийн түвшинг дөрөв ангилж үзсэн бөгөөд хоёрдугаар түвшин буюу гар түвшинд байсан. Үүнийг нэгээр ахиулж улбар шар түвшин рүү шилжиж байна. Ингэснээр тодорхой үйл ажиллагаануудыг ирэх даваа гаригаас эхлээд 14 хоногийн хугацаанд хязгаарлаж байна" гэлээ. Тодруулбал, дараах үйл ажиллагааг хязгаарлаж байгаа юм байна.
- Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
- Баар /Диско, кароаке/
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
- Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/
- Соёл урлаг
- Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
- Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
- Дэн буудал
- Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
- Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Ирэх долоо хоногоос 50-64 насны 185 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулна. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлд амьдарч байгаа насанд хүрсэн бүх иргэнээ вакцинд хамруулж дуусна" гэлээ.