2021.03.18

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангарагаа өргөлөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн парламент орон гарсан нэг суудлаас бусдаар албан ёсоор бүрдэж байна.

Учир нь энэ парламент 75 гишүүн тангараг өргөж үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан. УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргаар томилогдохоор өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Тиймээс ирэх 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулна. Харин Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааны үеэр баривчлан саатуулсан. Хэдий тийм ч сонгуулийн санал хураалтын өдөр Сэлэнгэ аймгийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсан ч тангарагаа өргөж чадаагүй, шүүх хурал дамжиж саяхныг хүрсэн юм. Харин тэрээр өнөөдөр ийнхүү өөрт нь итгэл хүлээлгэсэн нутгийн зон олныхоо сэтгэлийг тэнийлгэн УИХ-ын хаврын чуулганы хуралдааны эхний өдөр УИХ-ын гишүүний тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн адис авч, тангарагийн хуудсанд гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардаж авав.

Ингээд Улсын Их Хурлын гишүүний  бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцлоо.

Ж.Эрдэнэбат болон холбогдох хүмүүст холбогдох хэргийг гурван шатны шүүхээр хянасны эцэст дахин шалгахаар болж, энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан юм.

Сонгогчдын олонхын санал авч, СЕХ-ноос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тогтоол гаргасан ч хорих ял сонсоод байсан тэрбээр ийнхүү бүрэн эрхээ баталгаажууллаа.

Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдоод есөн сарын дараагаар тангаргаа өргөж байна. Тангаргаа өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn