Цар тахалтай тэмцэхэд саад учруулсан этгээдүүдэд хариуцлага тооцох ажлын баг ажиллаж байна
2021.03.23

Цар тахалтай тэмцэхэд саад учруулсан этгээдүүдэд хариуцлага тооцох ажлын баг ажиллаж байна

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар гамшгийн улбар шар түвшинг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн талаар Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээллээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Коронавирусний батлагдсан тохиолдол хоёр сарын өмнө хоногт 40-50 бүртгэгддэг байсан. Одоо хоногт 200 гарч байхад хөл хорио тогтоохоос эрс татгалзаж байна. Цаашдаа халдварын тархалт улам бүр нэмэгдвэл хэн хариуцлага хүлээх вэ?

-Шадар сайд С.Амарсайхан: 

Шинэ Засгийн газар бүрдээд 40 гаруй хонож байна. Бүх асуудлаа УОК-ын хурлаар хэлэлцэж, тал бүрийн мэдээ мэдээлэл, тоо баримтад тулгуурлан шийдвэрээ гаргаж байгаа. Халдварын тоо ихсэж байгаа. Цаашдаа ч ихсэх магадлалтай. Тиймээс УОК цар тахалтай тэмцэх бодлогоо өөрчилж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ажиллаж байна. Ер нь бол энэ нөхцөл байдлыг бид урьдчилан тооцоолж, эрсдэлийн 4 түвшин тогтоож, тусгайлсан дүрэм журмуудаа боловсруулсан. Голомт дагасан шинжилгээ хийж, 36 голомт илрүүллээ. Өнөөдөр бүртгэгдэж байгаа тохиолдлуудын ихэнх хувийг голомт дагасан халдвар эзэлж байгаа.

Цаашдаа халдвар хэдэн мянга болж өсөх магадлалтай байгаа учраас гэрээр эмчлэх журмыг хоёрдугаар сарын 22-нд баталсан. Мөн эмчилгээ оношилгоо хийх, цахим үйлчилгээг эхлүүлэх, иргэд дэглэмээ мөрдөх, урьдчилан сэргийлэх түр журам боловсруулж, вакцинжуулалтаа эхлүүлсэн. Цаашдаа ч анхаарах ёстой олон ажил бий. Хөл хорио тогтоох амархан. Өмнөх Засгийн газар, УОК сайн ажилласан тул 10 сар гаруй халдварыг дотооддоо алдалгүй барьсан. Харамсалтай нь, "Энхсаран" сувилалд зарим албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас үүдэн халдвар алдагдсан. Дараа нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар гарсан. Тухайн эмнэлэг үүнийг нуусан асуудал ч бий.

-ХӨСҮТ-ийн PCR шинжилгээ хийх ажилд хяналт тавьж байгаа юу?

-Шадар сайд С.Амарсайхан: Эрүүл мэндийн салбарын олон мянган эмч, сувилагч ажлаа хийж байна. Тэдний өдөр шөнөгүй ажиллаж байгаа хичээл зүтгэлийг ашиг хонжоо болгож, Засгийн газар, УОК, монголчуудын цар тахалтай тэмцэх ажилд саад учруулсан этгээдүүдтэй хариуцлага тооцохоор хууль хяналтын байгууллагын ажлын баг ажиллаж байна. Ийм үйлдэлтэй эвлэрэхгүй, энэ асуудлыг ил тод зарлана.