С.Амарсайхан: Энхсаран сувилал тусгаарлах байрны зардал гэж 1 тэрбум 300 сая төгрөг авсан
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулалт, коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, гишүүд асуулт асуулаа.
Тэрбээр вакцинжуулалтын талаар “Дэлхий нийтэд вакцины нийлүүлэлт хангалттай биш байна. Манай Засгийн газар төлөвлөгөөний дагуу вакцины татан авалтаа хийж, вакцинжуулалтаа харьцангуй эрт эхлүүлсэн. Вакцинд зарцуулах ёстой 317 тэрбум төгрөг Сангийн яаман дээр байгаа. Худалдаа арилжааны шугамаар вакцин худалдан авах яриа хэлэлцээр хийж байна" гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Энхсаран сувилал яасан бэ, хариуцлага тооцсон уу. ХӨСҮТ чинь болохоо байлаа. Эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй. Сүүлдээ хүний шинжилгээ сольдог газар болсон уу” гэв.
Харин Шадар сайд С.Амарсайхан “26 дугаар хороонд хөл хорио тогтоохыг урьдчилан мэдэгдсэн гэж байгаа боловч бүрэн дүүрэн биш байна. Зарим шатанд алдаа гарсан. Энхсаран сувиллаас халдвар алдагдсан. Мэргэжлийн хяналтын зарим албан тушаалтай холбоотой асуудал ч бий. Энхсаран сувилал нэг тэрбум 300 сая төгрөгийг тусгаарлах байрны зардал гэж авсан. Энэ хүмүүстэй хариуцлага тооцож байна" гэв.