2021.03.23
"Улбар шар" зэрэглэлийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгана
УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, Өндөржүүлсэн бэлэн байдлын гуравдугаар зэрэг буюу "Улбар шар" түвшинд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгах санал гаргасан тухай Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэв.
Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 29 хүртэл тогтоосон "Улбар шар" түвшинд шилжсэн хугацааг сунгах нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах юм байна. "Улбар шар" түвшний зэрэглэлийн хугацаанд аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахад анхаарах зөвлөмж гаргахаар болжээ. Эл асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж эцэслэн шийдвэрлэх юм.
Хэдийгээр халдварын тоо эрс нэмэгдэж байгаа ч гэрээр эмчлэх, тусгаарлах, явуулын эмчилгээний баг гаргах чиглэлээр ажиллаж эхэлсэн тул хатуу хөл хорио тогтоолгүй, хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.