2021.03.30

Ц.Мөнх-Оргил: Захиргааны гэхээс илүү соён гэгээрүүлэх, амьжиргааг дээшлүүлэх зэрэг урт хугацаанд архидалттай тэмцэх нь үр дүнтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж_ хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

"Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Нухацтай хандаж, захиргааны гэхээс илүү соён гэгээрүүлэх, амьжиргааг дээшлүүлэх зэрэг урт хугацаанд архидалттай тэмцэнэ үү гэхээс захиргааны аргаар тэмцээд үр дүнд хүрдэггүй гэдгийг дэлхийд олон түүхүүд харуулаад байна.

1. Согтууруулах ундаагаар үйлчилэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 35%-иас дээш хатуулагтай этилийн спиртийг агуулсан согтууруулах ундааг үйлдвэрийн лонх савлагаатай худалдахыг хориглоно гэсэн байна. Энэ ямар учиртай юм бэ? согтууруулах ундаа зарж, үйлчилж байгаа газар нь архийг задлаад өөр саванд султгаад түүнээсээ худалдан борлуулах болж байна уу? Хүнсний аюулгүй байдал, хуурамч бараа, авч байгаа хүн нь захиалсан нь мөн эсэх гэх мэт эрсдэл бий.

2. Согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглахыг хориглох түүхэн хүний нэр зургийн жагсаалтыг Засгийн газар батална. Батлах гэж байгаа бол хуулиараа батлах ёстой. Тэгэхгүй бол Засгийн газар гарч ирээд л нэг нэр хасч, нэмээд байна. Үйлдвэрвэгч нь гадаад дотооддоо барааны тэмдэгээ бүртгүүлсэн гэх мэт зардал их гарна. Одоо байгаагаа мөн яаж зохицуулах юм бэ?

3. Сан байгуулах юм байна. ҮҮнд маш их хэмжээний мөнгө цуглана. Үүнийг хэн хэрэглэж, ашиглах вэ? Төсвийн хөрөнгөөс ялгаа нь юу вэ? ТББ-д өгөөд төр хянадаг арга зам бодох ёстой байх."

Түүний асуултанд хуулийн төслийн санаачлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn