С.Бямбацогт: Оюутолгойн гэрээг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байна
УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэр бүхий гишүүдтэй хамтарч Оюу толгойн гэрээг сайжруулахад онцгой анхаарал хандуулж ажиллаж байна.
Тэрээр 2021-02-09 нд нэр бүхий гишүүдтэй хамтарч “Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгынхаа хариуг авчээ.
2021-02-10-нд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан. Монгол Улсын Үндсэн хуульд “...Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.
Энэ заалт Оюутолгой төсөлд орхигдохгүй үйлчлэх ёстой.
Засгийн газар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2021 оны 02 дугаар сарын 09-нд шинэчлэн байгуулж ажилд нь оруулсан.
УИХ болон Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг:
- - Хөрөнгө оруулагч талтай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээ хийх
- -Гэрээнд заасан Оюутолгой ордын үр өгөөж гэх ойлголтыг илүү нарийвчлан зохицуулж тодорхой болгох
- - Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний ашиг тусыг гадаадын хэт олон субьектэд эдлүүлэхээр байгааг хязгаарлах
- -Татварын орчинг илүү нарийвчилж хөрөнгө оруулалтын гэрээнд татвараас зайлсхийх цоорхой байгааг арилгах
- -Маргаан гарангуут Монгол улсын хууль шүүхийг алгасан хөрөнгө оруулагч тал шууд Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд ханддаг байдлыг зогсоох
- -ТЭЗҮ дэх зардал, түүний хэлбэлзэлд хязгаар тогтоох
- -Менежментийн үйлчилгээний төлбөрийг суурь зардалд үндэслэн тогтоож байгааг өөрчлөх
- -Монгол улс ногдол ашиг авах хугацааг наашлуулах гээд олон асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээн ажиллаж байна.
Одоогоор Оюутолгой 648.9 тэрбум төгрөгийн татварын өрөө төлж, гэрээг шинэчлэх Монголын талын саналыг хүлээн авч буулт хийгээд байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн
6.1-д -Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна
6.2-д -Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн хэмээн тус тус заасан.
Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулах үед Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг өөрчилж нэмэлт оруулсан нь ус ашиглагчид давуу эрх олгосон. Тиймээс гэрээг бүхэлд нь сайжруулж Монголын талд оногдох ногдол ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх, говийн байгаль, тэр дундаа гүний усыг хамгаалах чиглэлд дорвитой өөрчлөлт гаргахын төлөө С.Бямбацогт гишүүн ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn