2021.04.09
Ц.Цэрэнпунцаг: Ипотекийн орон сууцны үнэ буурах нөхцөл бүрдсэн ч түүхий эдийн үнэ нэмэгдсэн байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.09\ нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээлэл сонсслоо.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
"Энэ хөтөлбөр маш зүйтэй шийдвэр болсон. Үүнийг дагаад ард иргэдийн хүлээлт өндөр байгаа тул хэрэгжилтэндээ Засгийн газар сайн анхаараарай.
Төлөвлөгөөг бодит ажил болгохын тулд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлага байна. Ипотекийн зээлийн тал дээр хэмжээ нь ихсэж, хүү буурч нөхцөл сайжирч, ААН-дэд ч хөнгөлөлттэй зээл олгож байна. Тиймээс Ипотекийн орон сууц хямдрах нөхцөл харагдаж байна. Гэтэл импортын цементийн үнэ нэмэгдээд байна. Судлаад үзэхээр 2015 оны 8 сард импортын цементийн гаалийн татварыг 5% байсныг 8% болгож нэмсэн. Ингэхэд Улаанбаатарт 180 байсан нь 230 болсон байна. Сангийн яам энэ тал дээр анхаарч байгаа зүйл байна уу?"
Түүний асуултанд Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn