Н.Наранбаатар: Оюутолгой төсөл иргэдэд өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй байх ёстой
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Монгол Улсын төсвийн орлогын багагүй хувийг бүрдүүлдэг, уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний нийт экспортын 90, зэсийн баяжмалын экспортын 50 гаруй хувийг экспортолдог Өмнөговь аймгаас сонгогдсоноос гадна хөдөө орон нутагт тэр дундаа төрийн албанд мэргэжилтнээс нь аймгийн дарга хүртэл бүх албан тушаалыг шат дараалан хийсэн ажил, амьдралын арвин туршлагатай гишүүдийн нэг.
Тэрээр уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил амралтын горимыг тэнцвэртэй байлгах, гэр бүлдээ илүү цаг зарцуулдаг болгох тал дээр Хөдөлмөрийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаас гадна нүүрс тээврийн жолооч нарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тэдэнтэй хамтран олон чухал шийдвэрийг ЗГ, УОК-т уламжлан холбогдох шийдвэрийг гаргуулан, ажиллаж байгаа билээ.
Гишүүний хувьд Байгаль орчин, аялал жуулчлал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээс гадна Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны гишүүн. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ажлын хэсэг болон Байнгын хорооны хурлуудад тодорхой санал оруулж батлуулж чадсанаас гадна Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн ажлын хэсэгт орон ажиллаж байна.
Түүнчлэн Оюутолгойн гэрээг шинэчлэх ажлын хэсэгт орон ажиллаж байгаа бөгөөд Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах талаар ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт дараах санал хүргүүлээд байна.
Үүнд:
- Засгийн газар нь Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулан гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
- Ханбогд суманд Оюу толгой төслийн ажилчдын суурьшлын бүсийг бий болгон төслийн үйл ажиллагааны үр өгөөжийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан тухайн сууринг жишиг хот болгон хөгжүүлэх;
- Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний 3.2-т заасан Хамтын ажиллагааны гэрээний санхүүжилтийг нэмэгдүүлэн, нөлөөллийн бүсийн сумдын байгаль орчин болон нийгэмд урт хугацаанд үүсч болзошгүй эрсдэлийг удирдах чиглэлээр нийгэм, эдийн засгийн өсөн нэмэгдэх өгөөжийг нэмэгдүүлж, орон нутгийн тулхтай хөгжлийн баттай үндэс суурийг бүрдүүлэх;
- Өмнөговь аймгийн иргэдэд ур чадвар эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, сургаж хөгжүүлэх, ажлын байраар хангах гэрээний заалтыг хэрэгжүүлэн, ажилчдын тоог нэмэгдүүлж, ажлын байран дээрээ ур чадвараа дээшлүүлэн өсч хөгжих боломжийг хүртээмжтэй болгох ;
- Аймгийн Политехникийн коллежид иргэдийг сурган, ажлын байранд авч ажиллуулах;
- Хамтын ажиллагааны гэрээний дагуу Даланзадгад суманд уул уурхайн жишиг сургуулийг бий болгох;
- Оюу толгой төсөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжин оролцуулах, ялангуяа өртөг шингэсэн үйлдвэрлэлийг эн тэргүүнд бойжуулан хөгжүүлэхэд идэвхи санаачилга гаргах;
- Уурхайн ажилчдын ажил амралтын тэгш хуваарь 14:14 болгон шинэчлэх;
- Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-н Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг үндэслэн Уурхайн талбарт хөдөлмөр эрхэлж буй нийт (үндсэн болон гэрээт) ажилчдад, адил үнэлэмж бүхий ажилд ижил цалин хөлсийг шударгаар авах, нийгмийн даатгалд хамрагдах, баталгаатай аюулгүй ажлын байранд ажиллах, хувь хүний хөгжил, нийгмийн оролцоог хангасан, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, ажил, амьдралтай холбоотой шийдвэр гаргахад оролцох, түүний төлөө эвлэлдэн нэгдэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эрэгтэй эмэгтэй хүн ялгаваргүй тэгш боломж эдлэх нөхцөлөөр хангах;
Мөн байгаль орчныг хамгаалах талаар дараах саналыг хүргүүлсэн юм.
Үүнд:
- Усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах чиглэлээр олон улсын дэвшилтэт техник, технологи, туршлагыг хүдэр боловсруулах процессдоо нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлж эргэлтийн, хур тунадас (гадаргын), уурхайн нэвчилт шүүрлийн усыг үйлдвэрлэлд нэн тэргүүнд ашиглах;
- Орхон, Хэрлэн говь төслүүдийн судалгаан дээр төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах;
- Олон улсын санхүүжүүлэгч байгууллагын стандартад нийцүүлэн Байгаль орчин болон усны сав газрын гидрологи ба гидравлик системд нөлөөлөх байдлийн үнэлгээг шинэчлэх, мөн түүнчлэн, усны экологи-эдийн засгийн үнэлгээг шинээр хийлгэж үйлдвэрлэлийн усны бодит өргийг шинэчлэн тогтоох;
- Унд ахуйн усны төлбөрийг (энэ төлбөрөөс одоогийн байдлаар чөлөөлөгдсөн) тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагын тогтоосон үнэ тарифын дагуу төлөх;
- Далд уурхайн олборлолтын үед газрын хөрсөнд их хэмжээгээр суулт болон хагарал үүсдэг нь олон улсын ижил төстэй уурхайн үйл ажиллагаанаас тодорхой харагдаж байна. Иймд Оюу толгой төслийн зүгээс энэ асуудлаар эрсдлийн үнэлгээ хийж, байгаль орчин ба нийгмийн нөлөөлөх байдлыг судалж, болзошгүй эрсдэл ба сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө гарган орон нутгийн оролцогч талуудтай хамтран ажиллах ;
- Төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн дүйцүүлэн хамгаалах ажлыг гүйцэтгэхэд орон нутгийн иргэд, мэргэжлийн байгууллагын оролцоотой тухайн нөлөөлөлд өртсөн нутагт хийх
зэрэг чухал санал хүргүүлээд байна.
Үүнээс гадна Н.Наранбаатар гишүүн цэргийн хүн учраас цэргийн анги байгууллагыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах, цэргийн албан хаагчдын нийгмийн асуудалд, говийн хүний хувьд уул уурхай, түүнийг дагасан үйлдвэржилт, бүтээн байгуулалт, байгаль орчин, усны асуудал, уурхайчид, нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд, төрийн албанд олон жил ажилласны хувьд төрийн албыг нээлттэй ил тод, түргэн шуурхай, цахим болгох, төрийн албан хаагчдын нийгмийн асуудал, боловсрол мэдлэг, чадавхийг дээшлүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх зэрэгт анхаарч ажилладаг.
Онцгойлон говийн бүс нутгийн хамгийн их тулгамдсан асуудал болох усны асуудал дээр анхаарал хандуулж ажилладаг гишүүн. Тийм ч учраас Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллахдаа Орхон-Онги, Хэрлэн-Тоонот төслүүдийг хэрэгжүүлэх санал оруулсан. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр говийн бүс нутагт газрын гадаргын ус очих боломж бүрдэнэ. Мөн УИХ-д өргөн баригдсан Усны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд дээрх асуудлуудыг тусгуулахаар ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn