Шинэхэн парламент завсарлага авлаа
2009.01.19

Шинэхэн парламент завсарлага авлаа

Шинэ парламентын анханы чуулган завсарлага авлаа.

Баасан гаригийн шөнийн нэг цаг хүртэл хуралдаж, хуралдаж завсарласан намрын чуулганыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "ачаалалтай, шахуу ажилласан" хэмээн онцолсон. Энэ удаагийн намрын чуулганаар нийт 115 хууль тогтоомж баталсны 78 хууль, 38 тогтоол байжээ. Харин парламент нийт 77 өдөр 99 удаа хуралдсан гэнэ.

Намрын чуулганаар дараа оны төсөв, мөнгөний бодлого, үндсэн чиглэл, хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр зэрэг томоохон баримт бичгүүдийг баталжээ.
Намрын чуулганаар 25 үндсэн асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж амжилгүй завсарлав. Мөн Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тухай хуулийн төсөл /Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга/, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж амжсангүй.

Харин намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй Төр иргэдийн хадгаламжийг 100 хувь даатгахдаа Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Төрийн сангаар дамжуулж арилжааны банканд байршуулах тухай шийдвэр гаргасан. Түүнчлэн Таван-толгой, Оюутолгойг ашиглах тогтоолыг баталж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт олгосон гээд төслүүдийг баталжээ.

Намрын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж сонгогчидтойгоо уулзах юм. Гэхдээ хаврын чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулган зарлаж магадгүйг Д.Дэмбэрэл дарга үгүйсгэсэнгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.