2021.05.17
Сургалт-уулзалтад 24 сумын 100 гаруй гэр бүл оролцлоо
Дэлхийн Гэр бүлийн өдрийг тохиолдуулан Балжиннямын Баярсайхан сангаас Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “21-р зуун-Монгол гэр бүл” сэдэвт онлайн сургалт, уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалт-уулзалтад 24 сумын 100 гаруй гэр бүлийн 240 орчим хүмүүс оролцож, хүүхэд, гэр бүл хөгжлийн талаар сургалт, мэдээлэл авлаа.
Шинжлэх ухааны доктор, профессор, гэр бүл судлаач Т.Намжил багш “Монгол гэр бүлийн уламжлал шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр,
Боловсролын удирдлагын докторант, багш, гэр бүл судлаач Ч.Амартунгалаг “Эцэг эх-хүүхэд-харилцаа” сэдвээр лекц илтгэлүүд тавьж, сонирхсон асуултад хариуллаа.
Оролцогч гэр бүлүүд маань маш их талархаж байгаагаа илэрхийлж ямар их чухал сэдэв бүхий лекц болохыг онцолж, цааш цаашдаа гэр бүл, хүүхдийн хүмүүжлийн талаар олон олон сургалт явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хамгийн чухал зүйлдээ хөрөнгө оруулалт хийж цаг заваа зориулан оролцсон БҮХ ГЭР БҮЛД БАЯРЛАЛАА.
Балжиннямын Баярсайхан Сан цаашид “Залуу аавууд”, “Залуу ээжүүд”, “Залуу гэр бүлүүд”, “Өсвөр насныхан”-д зориулсан уулзалт-сургалт, зөвлөгөө өгөх ажлуудыг цувралаар хийх болно.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Завхан аймгийн хэмжээнд жилд 350 орчим гэр бүл шинээр гал голомтоо бадрааж, өрх гэр шинээр нэмэгддэг бол 25 орчим хосууд жил бүр салж, гэр бүлээ цуцлуулж байгаа нь харамсалтай. Гэр бүлийн дунд явуулсан олон төрлийн судалгааны заримаас онцлоход гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн илүү эрх мэдэлтэй байж аливаа асуудлыг дарамт, хүчирхийллийн аргаар шийдвэрлэх байдлаас болж гэр бүлийн хэрүүл маргаан илүү шалтгаалдаг бол гэр бүлийн маргаан, үл ойлголцлыг бууруулахын тулд гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, боловсрол олгох сургалт зохион байгуулах шаардлагатай байна.
Зөв хүнээс Зөв гэр бүл, Зөв гэр бүлээс Зөв Үндэстэн бий болдог. Төгс хүн гэж байдаггүй тул бие биесээ байгаагаар нь хайрлаж гэр бүлээ босгон байгуулцгаая!
хэмээн уриалсан байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn