Ц.Элбэгдоржын гадаадад байгаа монголчууддаа илгээсэн захиадал
Сайн байцгаана уу,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж би дэлхий даяар тархан суугаа элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ амар амгаланг тань айлтган мэндчилж байна.
Хорин жил хүлээсэн Монгол орноо Ардчилсан Ерөнхийлөгчтэй болгох нэр хүндтэй үүргийг журмын нөхөд маань надад ноогдууллаа.
Монголчууд бид хаалгаа нээж, дэлхийн дайдад хөл тавих болсон тэр өдрөөс эхлэн хүний газар, гүний нутагт сайн ажил, сайхан амьдралын эрэлд мордсон та нарыгаа эх оронтойгоо ямагт сэтгэл зүрхээрээ холбоотой байдгийг би мэднэ.
Та нар маань хүний газар хөлөө олж ажиллаж амьдраад зогсохгүй, эх орныхоо мянга мянган өрх бүлийг тэжээн тэтгэж, түм түмэн хүүхдийг сайхан ирээдүйтэй нь золгуулж байгаа. Гадаад орнуудад сурч, ажиллаж, амьдарч яваа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах Монгол төрийн бодлогыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэн монгол хүнээ дээдэлсэн төрийн нэгдсэн, тааламжтай бодлого хэрэгтэй байна.
Энэ удаа би та бүхэндээ илүү ойр байх, таны үнэтэй санал, шүүмж, зөвлөгөөг өөрийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, бодлого зорилтод уялдуулан нэгтгэх санал дүгнэлт авах үүднээс интернэтэд цахим хуудсаа нээлээ. Та www.elbegdorj.mn хаягаар миний веб сайтад зочилно уу.
Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн зардлын сангийн данс нээх, хаах, бүртгэл тайланг хөтлөх журмыг үндэслэн сонгуулийн зардлын санг байгуулан данс нээлээ. Та хандив өгөх боломжтой бол “Ц.Элбэгдоржийн сонгуулийн зардалд” гэж бичээд интернэт цахим хуудсаар дамжуулан
Энд дарж хандив өргөх боломжтой.
Таны өргөсөн хандив намайг Ард түмэнтэйгээ амь нэгтэй байж, шударга ёсыг тогтооход сэтгэлийн дэм төдийгүй сонгуулийн үйл ажиллагаанд чухал хувь нэмэр болох болно. Бид бага багаар аль болох олон хандивлагчийг оролцуулахыг чухалчилж байна.
Хандивийн дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая төгрөг, хувь хүнээс 5 сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд доорх байгууллага, хүмүүсээс хандив авахыг хуулиар хориглосон тул хандив өгөхгүй байхыг хүсье.
- Гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/
- Олон улсын байгууллага
- Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага
- Гадаад улсын иргэн
- Харъяалалгүй хүн
- Сонгууль зарласан өдөр 18 насанд хүрээгүй Монгол Улсын иргэн
- Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд
- Өр төлбөртэй хуулийн этгээд
- Үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага
Таны өргөсөн хандивын тайланг бид хуулийн дагуу ил тодоор мэдээлэх болно.
Та бүхнийг эх орондоо аж төрөн суугаа ах дүү, элгэн садан, найз нөхөдтэйгээ холбоо барьж ШУДАРГА ТӨРТЭЙ, АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ болох ард түмнийхээ хүслийг биелүүлэхэд өргөн дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.