Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга
Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, хотын тоосжилт Монгол улсын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ дэлхийн томоохон хотуудын түвшинд хүрээд байна.
Хорт утаагаар амьсгалж буй, нийслэл хотынхны дунд архаг бронхиттой хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн ба уушигны хавдар, сүрьеэ өвчнөөр өвчлөгсөдийн тоо хурдацтай өсөж байгааг мэргэжлийн байгууллагуудын судалгаа харуулж байна.
Иймд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Ц.Цэнгэл, Р.Буд нарын санаачлан өргөн мэдүүлсэн "Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль"-ийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа баталлаа.
Уг хуулиар "Хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээнд экологийн цэвэр түлш болох байгалийн шатдаг хий, болон цахилгаан эх үүсвэрээр ажилладаг автотээврийн хэрэгсэлийг ашиглахаар Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд тусгаж, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор хуулийг 2012 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоолоо.
Улсын Их Хурлаас энэ хуулийг батлан гаргаснаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах" эрхийг баталгаажуулж, агаарын бохирдлын хэмжээг бууруулахаас гадна ашиглалтын зардал багатай тул эдийн засгийн хэмнэлт гарах давхар ач холбогдолтой юм.