Улсын Дээд шүүхийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэв
2021.07.07

Улсын Дээд шүүхийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.06) хуралдаан 09 цаг 08 минутад Улсын Их Хурлын 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж,  Улсын Дээд шүүхийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр танилцуулав. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор төслийг боловсруулсан бөгөөд ирэх оны төсвийг энэ оны батлагдсан төсвөөс 16 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсөөлсөн гэв. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заалт болон холбогдох тогтоол, журамд нийцүүлэн цалин хөлс болон нэмэгдэл урамшуулалд 8.4 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна. Түүнчлэн төслийн эдийн засгийн зардлыг ангиллаар нь дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд ажиллуулахаар заасны дагуу, мөн Улсын дээд шүүхийн шүүгч хэрэг, маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой судалгаа хийх чиг үүрэг бүхий гурав хүртэл судлаач туслахтай байж болох зохицуулалтад нийцүүлснээр цалин урамшууллын хэсэгт голлох өөрчлөлт гарсан байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Цар тахлын нөхцөлд төсвийн бүх байгууллага хэмнэлтийн горимд ажиллаж байгаа ийм нөхцөлд хүрээлэнгийн шинэ байрны ТЭЗҮ, автомашины зардал, мөн зарим орон тооны нэмэх асуудлыг хэмнэлтийн горимд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж байв. Түүнчлэн хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэлэн, үе шаттайгаар шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж ажиллах нь зүйтэй гэдэг чиглэл өгсөн. Ийнхүү санал хураалт явуулахад Улсын Дээд шүүхийн 2022 оны төсвийн төсөлд хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн гаргасан саналуудыг тусган, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжив.