2025.06.10
С.Эрдэнэболд: Дээд шүүх бол шүүх ёсны дээд хязгаар байх ёстой. Шүүхэд итгэх итгэл их байх тусам төрд итгэх итгэл нэмэгдэнэ
УИХ дахь Хууль зүйн байнгын хороо 2025.06.10-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд байр сууриа илэрхийллээ.
Чек энд баланс буюу засаглалын тэнцвэртэй байх, харилцан хяналт хяналт тавих онолын дагуу Дээд шүүх чинь засаглалын хувьд том. Зарчмын хувьд Дээд шүүхийн ерөнхий шүүгч төрийн 3 өндөрлөгийн нэг байх ёстой юм. Дээд шүүх гэдэг нь шударга ёсны дээд илэрхийлэл. Аль болохоор шүүхэд итгэх иргэдийн итгэл бэхжих тусам төрд итгэх итгэл цаашлаад Монгол Улсын Үндсэн хуульт ёс, парламентын засаглал сайжирна. Өөрөөр хэлбэл чек энд балансын хэвийн ажиллах горим Дээд шүүхтэй холбоотой.
Сүүлийн үеийн судалгаагаар шударга ёс гэж асуунгуут л маш олон янзаар хариулдаг болж. Шударга ёс гэхээр л шүүгчийн үнэлэмж гэхээс илүүтэйгээр гудамжинд популизм хийж байгаа хүмүүсийн хаяг, адресс халаасны шошго болчихсон яваад байгаа. Тэрүүгээр нь олон нийт чинь шударга ёсыг үнэлж хараад байна. Ихэвчлэн улс төржүүлж хараад байна. Явцуу ашиг сонирхолд хараад байна. Тиймээс аль болох популистуудын амны уншлага болсон шошгийг ховхолж, хуулийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүх нь асуудлыг хамгийн олон талаас нь тунгааж бодсон, онолтой, амьдралтай, зөв бурууг дэнсэлж чадсан байх итгэл үнэмшлийг олон нийтэд өгөх тусам үзэн ядалтын хар муу сүүдэр, галзуурлаас гарах юм. Тэр утгаараа Дээд шүүх хэвийн, бие даасан хараат бус ажиллахад нь аль болохоор анхаарч байх ёстой. Тэр утгаараа Дээд шүүхийн шүүгчид ямар ч нөлөөнд автахгүйгээр, итгэл үнэмшилтэй хандаасай гэж бодож байгаа.

Сэтгүүлч