Авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд Нийслэл, дүүргийн газрын албаны удирдлагуудтай уулзалт хийлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсэг иргэд олон нийттэй харилцах төв 1111 дугаарын утсанд иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийж долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэд олон нийттэй харилцах төв 1111 дугаарын утсанд ирсэн мэдээллийн дийлэнхийг Нийслэл, дүүргийн газрын албатай холбоотой гомдол мэдээлэл эзэлжээ.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2021.08.06/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар нийслэл, дүүргийн газрын албаны дарга нар болон холбогдох албан тушаалтнуудтай газар олголттой холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр уулзлаа.
Уулзалтын хүрээнд газар олголт, зохион байгуулалттай холбоотой эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, энэ талын бүх асуудлыг бүрэн цахимжуулах, мөн дээр дурдсан асуудлаар иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг нээлттэй, түргэн шуурхай шийдвэрлэхээр боллоо.
Түүнчлэн Засгийн газрын 1111, 1112 дугаарын утсаар дамжуулан иргэдээс төрийн албан хаагчдын авлига албан тушаал, хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг түлхүү хүлээн авч, шийдвэрлэж байх юм.