ОХУ-ын улсын бүртгэл, кадастр, зураг зүйн алба (POCPEECTP)-ны удирдлагуудтай цахимаар уулзалт зохион байгууллаа
2021.08.13

ОХУ-ын улсын бүртгэл, кадастр, зураг зүйн алба (POCPEECTP)-ны удирдлагуудтай цахимаар уулзалт зохион байгууллаа

Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ОХУ-ын Росреестр-Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн албаны удирдлагатай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд цаашдын хамтын ажиллагааны талаар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр цахимаар уулзалт зохион байгууллаа.

Росреестр байгууллага нь газар зохион байгуулалтын 83 салбар, геодези зураг зүйн 21 төвтэй, 160 сая үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сантай, өдөрт 120 мянган өргөдөл хүлээн авдаг хэмээн үйл ажиллагаа, чиглэлээ танилцууллаа. 2000 оноос өмнө газар болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь салангид байсан бол 2000 оны эхээр нэгдсэн системтэй болж нэгдсэн гэдгээ онцоллоо. Цаашид үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, орон зайн өгөгдлийн орчин үеийн цахим систем байгуулах, олон төрлийн масштабын газрын зураг бүхий уялдаа холбоотой Орон зайн мэдээллийн системийг бий болгож, орос инженерүүдийн хийсэн ажлуудыг таниулах, төрийн үйлчилгээг сайжруулах зорилготой ажиллаж байгаагаа дурьдлаа.

ГЗБГЗЗГ-ын зүгээс ОХУ болон Монгол улс нь энэ салбарт түүхэн хамтын ажиллагаатай бөгөөд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан салбарын үзэсгэлсэн зохион байгуулах гэж байгаагаа хэллээ. Мөн байгууллагын үйл ажиллагаа стратегийн зорилтуудаа танилцуулан цаашид геодези, зураг зүй болон газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хэрхэн нэгтгэсэн талаар туршлага судлах, хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхлоо илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Росреестр нь Геодези, зураг зүйн салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын Хэлэлцээр байгуулах талаар ярилцаж, хэрэв сонирхсон чиглэлийн саналаа ирүүлвэл холбогдох нэгж нь илтгэл, танилцуулга бэлтгэн цахим уулзалт зохион байгуулах боломжтойг тэмдэглээд, Москва хотод ирж, танилцахыг урьлаа.