Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Газрын шинэтгэлийн үндэсний хороо өнөөдөр хуралдлаа.
Энэ удаагийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны тайлан, 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Мөн Монгол улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Өнгөрсөн онд тус хорооны төлөвлөж хийсэн ажлын хүрээнд газрын харилцаа, хот зохион байгуулалтын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх талаар онцгой анхаарч ажилласан талаар тус хорооны нарийн бичгийн дарга А.Энхманлай хэллээ. Уг ажлын дүнд иргэд газрын харилцаатай холбоотой 36 үйлчилгээг цахимаар авч эхэлсэн бөгөөд 600 гаруй сая төгрөгийг бодитоор хэмнэсэн судалгаа гарсан байна. Уг ажлыг цаашид өргөжүүлэхэд хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг Шадар сайдад уламжиллаа.
Мөн 2013 онд Хаягжуулалтын тухай хууль батлагдсантай холбоотойгоор улс орон даяар мэдээллийн сан үүсгээд буй. Уг санд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүргийн бүх хашаа, байшинг, бүртгэлжүүлсэн байна. Түүнчлэн орон нутгийн өвөлжөө, хаваржаа, рашаан сувилал, замын тэмдэг зэрэг бүх хэсгийг хамруулан, нэр өгч хаягжуулжээ. Уг хаягжуулсан газруудад 2014 онд баталсан Монгол Улсын стандартын дагуу тэмдэг тэмдэглэгээ тавих ажлыг эхлүүлэн, одоогоор 220 сумд хэрэгжүүлээд буй аж. Цаашид хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг Шадар сайд үүрэг болголоо.
Мөн дараагийн хуралдаанаар 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Газрын багц хуулийн төслүүд, Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг дахин хэлэлцэхээр тогтсон юм.
Түүнчлэн Газрын шинэтгэлийг эрчимжүүлэх хүрээнд хийж буй ажил үйлчилгээнд гарч буй асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж байх зорилгоор бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны хуралдааныг 14 хоног тутам зохион байгуулахыг Шадар сайд С.Амарсайхан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга А.Энхманлайд үүрэг болголоо.