Өвөрхангай аймгийн Сант суманд 240 хүүхдийн сургууль ашиглалтад орлоо
Өвөрхангай аймгийн Сант суманд улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус сургуулийн барилгын ашиглалт муудсан, анги танхимын хүрэлцээ тааруугаас дотуур байрныхаа нэг хэсгийг анги болгон ашиглаж байсан юм.
Шинэ өргөтгөлийн барилгыг "Тэд констракшн" ХХК хугацаанд нь барьж ашиглалтад оруулснаар 65 багш ажилчид, 691 сурагчийн ажилаж хөдөлмөрлөх, суралцах таатай орчин бүрдээд байна. Шинэ сургуульд Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд дэмжлэг үзүүлж, эхний ээлжинд таван ангийг ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаад байна.
Мөн Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн 200 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр 80 хүүхдийн дотуур байранд урсгал засвар хийж, гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлээд байгаа бол өнгөрсөн жил Тайвань Улсын Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгээр тус сургуулийн эмчийг үзлэг оношлогооны иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй болгосон ажээ.
Шинэ барилгатай болсон сургуульд багш, сурагчийн ширээ, сандал, сургалтын техник тоног төхөөрөмж шаардлагатай байгаа бөгөөд УИХ-ын гишүүн С.Чинзориг эхний ээлжинд 5 ангийг сурагчийн ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүнээ хийх бичгийн шүүгээтэй болголоо.
Одоо дотуур байрны хүүхдүүдийн хоолны танхимын ширээ сандлыг шинэчлэх, сургалтын тоног төхөөрөмжөөр хангах гээд асуудлууд байгааг шат дараатай шийдэхийн төлөө ажиллаж байна гэдгээ С.Чинзориг гишүүн илэрхийллээ.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn