Л.Оюун-Эрдэнэ: Монгол-ОХУ-ын хамтын ажиллагааны шинэ 100 жил эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтад оролцлоо.
Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Энэ жил Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. 100 гэдэг их том тоо. Ирэх 100 жил хоёр улсын хувьд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг цоо шинэ түвшинд гаргах ёстой.
Цар тахал дэлхий нийтэд хөдөлгөөний удаашрал бий болгосон. Бид цар тахлын дараах үеийн эдийн засагт бэлэн байх нь чухал. Хасах 5.3 хувьтай байсан эдийн засаг өнөөдөр 6.3 хувьтай болоод байна. Одоо бүгдээрээ төр хувийн хэвшлийн түншлэлийн нэг хуудсыг хамтдаа бүтээе. Үүний тулд би гадаадын хөрөнгө оруулагч нараасаа уучлалт гуйсан. Бид гадаад хөрөнгө оруулагч нартай таагүй ханддаг гээд олон асуудал гаргасан. Одоо үүнийг өөрчилж, төр шийдвэр гаргахаасаа өмнө хөрөнгө оруулагчидтайгаа уулздаг болно. Цар тахлын хүнд үеийг давж, ДНБ-ээ хоёр дахин нэмэхийн төлөө ажиллана" гэлээ.
Монгол, Оросын харилцааны олон салбар дотроос худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тааруу байгааг Ерөнхий сайд яриандаа дурьдаад манай улсын экспортын бүтцэд 1992 онд ОХУ 58.5 хувийг эзэлж байсан (БНХАУ 17.8 хувь) бол 2019 онд ОХУ-ын эзлэх хэмжээ 0.9 хувьд хүрсэн (БНХАУ-ын эзлэх хэмжээ 88.9 хувь) үзүүлэлттэй байгааг хэллээ. Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2009 оноос Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2019 он хүртэлх өнгөрсөн 10 жилийн хоёр орны харилцааг харахад 2014 оноос хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсныг эс тооцвол бодитой үр дүн гараагүй гэх шүүмжлэл бий. Иймд хоёр талын худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах нэг гарц нь ОХУ багтдаг Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах юм байна.
Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизов "Манай хоёр улсын хувьд хууль, эрх зүй, улс төрийн хувьд маргаан байхгүй. Монгол-ОХУ-ын харилцааны 100 жил хоёр улсын ашиг сонирхолд бүрэн нийцдэг. Хоёр улсын харилцааны шинэ зууныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад айлчилж байгаагаар эхлүүлж байна гэж ойлгосон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах хэлэлцээ хийсэн. Энэ удаагийн айлчлал 2019 оных шиг үр дүнтэй болоосой. Энэ нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд эергээр нөлөөлнө.
Би Ерөнхий сайд таны хэлсэнтэй санал нэг байна. Манай хоёр орон улс төр, хүмүүнлэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөн. Харин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн хоцрогдолтой. Танай улсын худалдаа, эдийн засгийн харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин сайн. Тэгэхээр хоёр улсын худалдааны эргэлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд ямар саад бэрхшээл байна вэ. Нэгдүгээрт, хоёр улсын экспорт төстэй учраас зах зээл рүү ижил бараа бүтээгдэхүүн экспортолдог.
Дээрээс нь худалдааны баланс алдагдсан. Жил бүр Монгол Улс ОХУ-аас нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортоор авдаг. Гэхдээ Монголоос гарч буй экспорт маш бага. Үүнд та бүхэн анхаарал хандуулаач. Нэн тэргүүнд хилийн бүс нутгийн худалдаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх. Энэ бүс нутагт Монгол Улсын худалдан авалтын 70 хувь бий. Тиймээс хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байна" гэлээ.
Цаашид хоёр улс эрчим хүчний супер сүлжээ байгуулах төсөл, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд мартахгүй байх хэрэгтэйг Элчин сайд И.К. Азизов мөн онцолж байсан юм.
Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин, цахилгаан хангамж, автозам шийдэгджээ. Өнөөдрийн байдлаар энэ бүсэд 26.5 тэрбум төгрөгийг 2003-2012 он хүртэл улсын төсвөөс оруулжээ. Одоогоор 126 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 63 нь 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацаанд 1.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Тус бүсэд 20 аж ахуйн нэгж 60-аад ажлын байр бий болгож, байнгын үйл ажиллагаа явуулдаг. Гаалийн хяналтын нэгдсэн системд холбогдож, цахилгааны асуудлаа бүрэн шийдүүлэх төсөв хэрэгтэй байгааг Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Х.Балжмаа хэлж байлаа.
Харин бизнес эрхлэгчид ОХУ руу бүтээгдэхүүнээ экспортлоход гаалийн татвар 40-45 хувь байдаг. Үүнийг бууруулж өгөх хүсэлт тавьж байсан юм.
Ингээд уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Евразийн эдийн засгийн холбоотой хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулж, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эдийн засгийн үндэслэлийг судлах ажлыг эрчимжүүлэх болно. Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулж, шинэ шатанд гаргахад Оросын Худалдааны төлөөлөгчийн газрын оролцоо чухлыг дурьдаад бизнес эрхлэгчдэд хандан "Бүх зүйл тодорхой байвал Засгийн газраас шийдвэр гарч болно. Хамгийн гол нь энд тэнд яриад орхих биш санаануудаа нэгтгээд концепц болгох нь чухал. Манайхан хөрөнгө оруулалт яриад байдаг. Гэтэл манайд ТЭЗҮ нь хийгдсэн төсөл байдаггүй. Тэгэхээр илүү мэргэжлийн байхад хандлагаа чиглүүлье" хэмээлээ.