Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг баталлаа
2009.06.24

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг баталлаа

Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын тэргүүлдэг Үндэсний их баяр наадмыг зохион
байгуулах хороо хуралдан салбар хороодын ажлын явцын талаар мэдээлэл сонсож, баяр наадмын хөтөлбөр, хүндэтгэлийн концертын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэн баталлаа.

Бөхчүүд 21 галд хуваагдан бэлтгэлээ ид хийж байгаа бол морины салбар хорооныхон цагдаагийн байгууллагатай хамтран морины зам дагуу байрласан 30 айлыг нүүлгэж эхэлжээ. Шагайн асрын барилгын ажлыг ирэх сарын 2-ны өдөр дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ жилийн баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт 600 гаруй аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээ эрхлэх юм байна. Өнгөрсөн жил хуушуурын олдоц муу байсан учир энэ удаа хуушуур худалдах цэгийн тоог нэмжээ.

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг 10 телевиз, 17 сонин, 2 радио, 3 интернет сайт, гэрэл зургийн 2 студи, МОНЦАМЭ агентлаг олон нийтэд мэдээлэхээр урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлээд байна. Үндэсний их баяр наадамд оролцох манай улсад суугаа гадаадын орнуудын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг наадмын үйл ажиллагаанд хуваарийн дагуу оролцуулахыг Төрийн ёслол, үйлчилгээний салбар хороо хариуцаж байна.
Наадмын нээлт, хаалтын тасалбарт байгууллагынхаа логог байрлуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах, Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын тохижилт, гэрэлтүүлэг, цахилгааны хангамж, замын тэмдэг, тэмдэглэгээ, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн чанар, Хүй 7 худаг руу явах наадамчдын явах тусгай галт тэрэг, өртөөнөөс морь барианы газарт хүргэх нийтийн тээврийн үйлчилгээ, шинээр барьж байгаа зам, морины хүүхдийн хамгаалалтын малгай, эмээл зэрэгт онцгой анхаарч ажиллахыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд салбар хороодын дарга нарт үүрэг болголоо.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд энэ сарын сүүлээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт очиж ажил байдалтай газар дээр нь танилцан ажиллахаар болсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.