“Алтан намар 2021”арга хэмжээ зохион байгуулагдлаа
2021.09.20

“Алтан намар 2021”арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Мод үржүүлгийн газраас уг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Газрын зүгээс Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор шилмүүст мод, гоёлын бут, нэг наст цэцэг тарих, зүлэгжүүлэлт хийх зэрэг ажлуудыг жил бүр хийдэг бөгөөд тариалж байгаа мод бут зэргийг худалдан авах төлөвлөгөөнд тусгаж өөрсдийн хөрөнгөөр хангадаг.  “Мод үржүүлгийн газар”-т орон тоог нэмэгдүүлж байнгын үйл ажиллагаатай болгон Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хүлэмжийн зориулалттай газрын ашиглалтыг сайжруулахыг  зорин ажилладаг. 

Мод үржүүлгийн газар нь нам дор намгархаг шавар шалбааг ихтэй цэвдэгтэй газар байрладгаас шалтгаалан тариалалт хийх талбайн хөрс боловсруулалт хийхэд хүн хүч, цаг хугацаа, техик хүч ихээхэн зарцуулсан ч өөрийн боломжит нийт 3420м2 талбайд тариалалт хийсэн бөгөөд үүнээс 704 м2 талбайд үрээр тарьсан үрсэлгээ мод, улиасны модны мөчир, хайлаас, 108 м2 талбайд өргөст хэмх, 108 м2 талбайд үрээр гоёлын бут, монос, 176 м2 талбайд өргөст хэмх, улаан лооль зэргийг тус тус тариалснаас гадна ил талбайд  хийн бэлтгэж 1600м2 ил талбайд төл сонгино, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа, салат навч, 900м2 талбайд төмс, лууван, шар манжин тарилт хийсэн.

Түүнчлэн намрын ургацын  дээж болгож  дөрвөн удаагийн хураалтаар  225 кг өргөст хэмх, 16 кг салатны байцаа, 21 кг улаан лооль, 7 кг цэцэгт байцаа тус тус хураан авч ажилчдынхаа хүнсний хэрэгцээг хангахаас гадна, зах зээлийн ханшнас доогуур борлуулан орлогоор хуримтлал үүсгэн  ажиллаж намрын ургацынхаа баярыг угтсан. Тус хуримтлалаар  үр бүтээлтэй ажилласан нэг ажилтанд “өргөө цагаан гэр” бэлэглэхээр шийдвэрлэсэн нь ТҮА-ны 16-р бригадын ЗТҮ Ж.Хандсүрэн байлаа.Удирдлагын зүгээс гаргасан ээлжит шийдвэр нь олон хүнийг баярлуулсан сайхан үйл явдал байсныг онцолж байна.

Хамт олныхоо хөдөлмөрийн үр шимээр өөрийн гэсэн гэр оронтой болж, ажил амьдралынхаа нэгээхэн баяртай мөчийг хуваалцсан манай зам талбайн үйлчилгээний ажилтаны ажлын  эрч хүч нэмсэн нь дамжиггүй.

Тус газрын удирдлагуудын зүгээс улсынхаа зүрхэн тольтод орших их нийслэлийнхээ цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө хүлээсэн үүрэгтээ  өглөөний мандах нарнаас , үдшийн бүрийг хүртэл хоёргүй сэтгэлээр ажилладаг нийт хамт олондоо”АЛТАН ШАРГАЛ НАМРЫН “ ерөөл билэгтэй энэ өдрийн мэнд дэвшүүлье~Эрхэм та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn