Улаанбаатар хотын музейн тулгамдаж буй асуудлыг шийдэх хэрэгтэй
2021.09.21

Улаанбаатар хотын музейн тулгамдаж буй асуудлыг шийдэх хэрэгтэй

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Бааатрхүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар Улаанбаатар хотын музейн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал, түүнийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын музей нь 1918-1919 онд баригдсан түүхэн дурсгалт барилгад 1956 онд “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” нэртэйгээр байгуулагдсан. 1960 онд Улаанбаатар хотын түүх, шинэчлэн байгуулалтын музей, 2011 онд “Улаанбаатар хотын музей” болж нэрээ өөрчилсөн. Тус музей нь сан хөмрөгийг баяжуулах үзмэрийг бүртгэх, баримтжуулах, хадгалж хамгаалах, хотын түүх, соёлын хөдлөх, үл хөдлөх дурсгалыг судлах, хотын түүхийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, хотын түүх, соёлыг олон нийтэд сурталчлан таниулах үндсэн үүрэгтэй нийт 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Музей нь 1919 онд хувийн сууцны зориулалтаар баригдсан стандартын бус барилгад байрладаг бөгөөд нийслэлийн түүхэнд холбогдох үзмэр, цуглуулгыг хадгалж хамгаалах орчин, шаардлагыг хангадаггүй. Одоогийн байдлаар сан хөмрөгийн 28 м.кв талбайд 3200 гаруй үзмэрийг маш эрсдэлтэй орчинд хадгалж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.2.3-т “Улаанбаатар хотын музейн барилгыг засварлаж үйл ажиллагааг боловсрол, түүх соёлын танин мэдэхүйн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлнэ” гэж заасны дагуу 2021 онд тус музейн барилгыг сэргээн засварлаж, өргөтгөл барих зураг төсвийн ажил хийгдсэн.

Цаашид зураг төсвийн дагуу гарсан зардлыг улс, нийслэлийн төсөвт тусган шийдвэрлэх болон бусад түүх соёлын дурсгалт барилга байгууламжид үйл ажиллагааг өргөтгөн явуулж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг судлах зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар ажиллахаар боллоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn