Иргэний хөдөлгөөнийхөн УИХ-ын гишүүдэд хандав
“Миний Монголын газар шороо”, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, Монголын Ахмадын чөлөөт холбоо, Үндэсний ногоон хөдөлгөөн, Ногоон эвсэл, Шударга иргэдийн фронт, Иргэдийн альянс төв, “Үндэсний соёмбо” зэрэг ТББ, хөдөлгөөнийн төлөөлөгчид өнөөдөр УИХ-ын гишүүдэд хандлаа. Тэд Оюу толгой гэрээний төсөлд гурав дахь удаагаа засвар орж өөрчлөгдөөд байгаа ч Монгол Улс, монголчуудын эрх ашигт үл нийцсэн хэвээр байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ийм түүхий гэрээг УИХ-ын гишүүд яаран, баяр наадмын үеэр батлах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв. Гэрээг одоогийн оруулж ирж байгаа хувилбараар байгуулж батлах юм бол эхний таван жилдээ манай хамаг баялгийг олборлоод авчихсан “Бороо гоулд” ХХК-тай хийсэн гэрээнээс ялгагдах юмгүй болох гээд байна. “Эрдэнэт” үйлдвэрийнх шиг баялгаараа хөрөнгө оруулалт хийгээд талаас илүү хувийг эзэмших замаар хийх хэрэгтэй гэсэн байв.
Үнэндээ өнөөдөр Оюу толгойн гэрээний асуудал дээр манай эрх баригчдад эрх мэдэл дутаад байна. Хамгийн том эрх мэдэл ард түмэнд байдаг. Тэднээсээ ядаж асуугаач! Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болохоосоо өмнө аливаа асуудлыг ард түмнээсээ асууж бай, тэгвэл бүх зүйл бүтнэ гэж хэлж байсан. Шинэ Ерөнхийлөгч одоо үүнийгээ хэрэгжүүлэх байх гэдэгт бид найдаж байна гэжээ. Тэд Оюу толгойн гэрээн дээр иргэний хөдөлгөөнийхөнтэй байр суурь нэг байдаг УИХ-ын гишүүдийг дурдсан байв. Үүнд З.Энхболд, Д.Ганхуяг, Р.Раш, Д.Тэрбишдагва нарын гишүүдийг нэрлэсэн байв.
Иргэний хөдөлгөөнийхөн гэрээний талаарх саналаа УИХ-ын дарга, гишүүдэд өргөн барьж хүргүүлээд байв. Үүндээ тэд УИХ-ын даргыг хариу өгөхийг шаарджээ. Тэд Сүхбаатарын талбайд гарч Оюу толгойн гэрээг батлахыг эсэргүүцсэн тэмцлээ олон нийтийн саналыг авах замаар үргэлжлүүлэх юм байна.