Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар томилогдсон Б.Солонгоо нь ажлаа хүлээн авлаа
2021.10.21

Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар томилогдсон Б.Солонгоо нь ажлаа хүлээн авлаа

Засгийн газрын өнөөдрийн /2021.10.20/ ээлжит хуралдаанаар Баярсайханы Солонгоог Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар томилсон билээ.

Тэгвэл шинээр томилогдсон Дэд сайд Б.Солонгоо нь Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд асан С.Баатаржаваас ажлаа хүлээж авлаа. Ажил хүлээлцэх энэхүү арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон яамны газар нэгжийн дарга нар зарим албан хаагчид оролцов.

Энэ үеэр салбарын сайд Х.Нямбаатар шинээр томилогдсон Дэд сайд Б.Солонгоод хандаж “Хууль зүй, дотоод хэргийн салбарын эрх зүйн шинэтгэл, бодлогын өөрчлөлтөд манлайлан оролцож, энэ салбарын шинэчлэлийн төлөө хамтдаа түүчээлэн ажиллана гэдэгт итгэж байна” гэдгийг илэрхийлээд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо нь:

Төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг цол:

2000 онд Нийслэлийн 11 дүгээр сургууль
2007 онд Унгар Улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн Хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
2010 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Дандийгийн их сургууль
2015 онд АНУ-ын Харвардын Хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:

2011-2017 онд Хоган ловэллс олон улсын хуулийн фирмд хуульч, ахлах хуульч
2017-2020 онд Өмгөөллийн “Авинекс партнерс” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал
2020 оноос одоог хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар тус тус ажиллаж байв.