2021.11.03

Х.Болорчулуун: Даатгалын компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүй болох эрсдэл үүсэж магадгүй

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн \2021.11.03\ хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт тавилаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Жолоочийн хариуцлагын даатгал 2011 онд анх батлагдсан. Түүнээс хойш даатгалын 10 гаруй компани жолоочийн хариуцлагыг даатгаж байна. Гэрээнийхээ дагуу хохирлыг барагдуулаад явдаг компани байхад луу унждаг даатгалын компаниуд бий л дээ. Гэхдээ хуулинд ашгийн бус байгууллага гэдэг бүтэц бий болж байгаа нь харагдаж байна.

Төр хэдий оролцоогүй ч гэсэн ашгийн бус байгууллага гэдэг даатгалын компани бий болох нь байна. Зах зээлийн нийгэмд ашгийн бус аж ахуйн байгууллага, компани гэж бараг байхгүй. Тэгэхээр цаагуураа төр оролцсон мэт хүчээр байгуулсан бүтэц мэт харагдахаар байна. Даатгалын компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрэх вий гэсэн магадлал харагдаж байна. Энэ асуултанд хариулж өгөөч.

Х.Болорчулуун гишүүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариуллаа.