Эхний ээлжид гурав, дөрөвдүгээр хороолол орчмын гэр хорооллынхныг кокосжуулсан нүүрс хэрэглүүлэхээр төлөвлөжээ
Энэ жил нийслэлийн Агаарын чанарын албанаас хотын утааг багасгах талаар авч хэрэгжүүлж буй ажил нь боловсруулсан нүүрс болон шахмал түлшийг гэр хорооллын өрхүүдэд хэрэгжүүлэх явдал. Эднийхэн хотыг нийтээр нь утаагүй болгох боломжгүй учраас эхний ээлжинд хамгийн их утаатай байдаг гурав, дөрөвдүгээр хороолол орчмын гэр хорооллынхныг кокосжуулсан нүүрс хэрэглүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Манай улсын хэмжээнд кокосжуулсан нүүрс үйлдвэрлэдэг хоёр, үртсэн түлш үйлдвэрлэдэг дөрвөн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг.
"Төгрөг нуур энержи" компани 151.2тонн, Дархан-Уул аймгийн "Шарын гол энержи" компани 25 мянган тонн кокосжуулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Өвлийн бэлтгэл ажилд зориулан 700 гаруй тонн үртсэн түлш нөөцөлсөн байна. Үртсэн түлшний үйлдвэрийг модтой газраа бараадуулан байгуулсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Түнхэл сум, Булган аймгийн Хялганатад байдаг.
Утаа багатай түлшийг нийслэлийн нэг, хоёрдугаар бүс буюу хотын төв орчмоор түлхүү хэрэглүүлэх бодолтой байгаа талаар агаарын чанарын мэргэжилтэн ярьж байв. Харамсалтай нь одоогоор бодитой хийж гүйцэтгээд байгаа ажил алга байна. Ямар ч байсан наймдугаар сардаа багтаан боловсруулсан нүүрс нийлүүлэх компа-ниудтайгаа гэрээ хийж, ажлаа эхлүүлнэ гэлээ.
Иргэд түлш болгонд тусгай зуух хэрэглэхийг дургүйцдэг байна. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн Б.Эрдэнэчимэг "Уг нь хот утаагүй байвал болж байна. Гэхдээ утаа бага гаргадаг түлш бүр өөрийн гэсэн зуухтай байх юм. Ердийн зууханд бүгдийг нь түлж болдог бол үүнийг эсэргүүцээд байх юм алга. Эдгээрийг хэрэглэхийн тулд түлш бүрт зориулалтын зуух авах ёстой болж байна. Харин кокосжуулсан нүүрс нь түүхий нүүрсээ бодвол илч муутай, нэгт ийм бүлээн төдий байлгадаг гэж дуулсан. Өвлийн улиралд ажил ихтэй үед шууд л гудамжнаасаа нүүрс, модоо авах нь хүмүүст нэг бодлын хялбар байдаг байх. Манай энд нүүрс, мод зардаг айл олон бий. Хүйтэн өдөр мод, нүүрснийхээ үнийг нэмээд зардаг хүмүүс бас байна" гэлээ.
Энэ сэдэвт хөтлөгдөн хэд хэдэн хүнтэй уулзав. Тэд энэ жил түүхий нүүрсээ түлнэ хэмээн хариулж байлаа. Шалтгаан нь нөгөө л олон зуух хэрэглэх, илч муутай гэсэн үгтэй холбоотой ажээ. Утаагүй, цэвэр орчинд амьдарч, дулаан байлгаж чадаж байвал ямар ч үнэтэй байсан авна гэх хүмүүс ч мэр сэр тааралдаж байлаа.
Өвлийн улиралд гэр хорооллын ердийн зууханд 600 мянган тонн түүхий нүүрс, нам даралтын зууханд 800 орчим, халаалтын зууханд нэг сая тонн нүүрс түлшинд хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Манай хотод Хангай, Гялгар, Цайз захуудад нүүрснии үнэ шуудайгаараа 1000-1500 төгрөг, на-шин нүүрс 90-120 мянган төгрөгийн хэлбэлзэлтэй байна. Харин шуудай мод 800-1000 төгрөг, нэг куб метр мод 18-25 мянган төгрөгийн ханштай байгаа аж. Хүйтэн дулааны улирлаас шалттаа-лан үнийн хэлбэлзэл харил-цан адилгүй байдаг. Гэр хороололд амьдардаг нэг өрхийн түлшинд зарцуулдаг зардлыг тооцож үзлээ. Эднийх нэг жил дөрвөн портер нүүрс, гурван куб метр мод түлдэг ажээ. Үүнийг нүүрс, модны дундаж ханшаар бодоход бараг 600 мянган төгрөг зарцуулдаг байна.
Монголчууд бид их сонин хүмүүс. Жил болгон гардаг эдгээр асуудлаа дулааны улиралдаа шийднэ гэж үгүй. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг мунгинасаар дараа жилийн өвлийн нүүрийг үзэх юм. Ийм янзаараа байвал энэ жил хотынхон маань дахиад л бөөн хар утаан дундаа төөрч өвөлжих нь ээ.