УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 10 асуудлыг хэлэлцлээ
2021.11.11

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 10 асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.03 цагт эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар орчин цагийн боловсролын байгууллага үүсч, хөгжсөний 100 жилийн ойн мэндчилгээг дэвшүүллээ.

Тэрбээр, Монголынхоо үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэдэд, Монголынхоо нийт ард түмэнд энэ түүхэн ойн баярын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Өдгөө бид шинэ зууны, технологийн IV хувьсгалын үеийн сургалтын арга зүйг Монголынхоо онцлогт тохируулан нэвтрүүлж, дижитал боловсрол, шинэ эдийн засгийн мэдлэг, технологи эзэмших эрин үед амьдарч байна.

Цахим технологийн ололтыг эзэмшиж, боловсролын салбартаа шинэчлэл хийх, шинээр сэтгэх замаар орчин үеийн дэлхий дахинтай өрсөлдөх боловсролыг хүүхэд багачууддаа хүртээх нь нэн чухал шаардлага боллоо.

Ирээдүй бол цахим. Цахим ирээдүйн төв нь олон хэмжээст метаверс ертөнц болж байна. Иймд Монгол залуус энэ ертөнцийн зөвхөн хэрэглэгч байх бус бүтээгч нь байх ёстой.

Тиймээс Монгол Улсын төр засаг Инновац, цахим хөгжлийн тусгай бүс байгуулж, тус бүсдээ мэдээллийн технологийн боловсролыг онцгой анхаарч, өндөр технологийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль байгуулах болно. Дэлхийн олон шилдэг компаниудад ажиллаж буй тэргүүлэх мэргэжилтнүүд цахимаар, зайнаас Монгол дүү нартаа багшлах боломжийг бүрдүүлнэ хэмээн онцолсон. / УИХ-ын дарга Г.Занданшатарын орчин цагийн боловсролын байгууллага үүсч, хөгжсөний 100 жилийн ойн мэндчилгээг эндээс бүрэн эхээр нь үзнэ үү/

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн гурав дахь хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлсэн.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хийсэн.

Байнгын хорооны хуралдаанаар төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын зарим гишүүдээс хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эдгээр саналыг төсвийн төсөлд тусгасан хэмээн танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд дараах өөрчлөлтүүд орохоор байна хэмээн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдээлэв. Үүнд:

1 .Үндсэн хуулийн цэцийн даргын урсгал зардлыг 300.0 сая төгрөгөөр, Улсын Их Хурлын даргын урсгал зардпыг нийт 4,952.8 сая төгрөгөөр, Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 1,664.6 сая төгрөгөөр, Соёлын сайдын урсгал зардлыг 1,400.0 сая төгрөгөөр, Санхүүгийн зохицуулах хорооны урсгал зардлыг 1,427.5 сая төгрөгөөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын урсгал зардлыг 1,000.0 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг 1,738.0 сая төгрөгөөр тооцож төсөлд тусгах;

2. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнд холбогдох өөрчлөлтийг хийж хөрөнгө оруулалтын зардлыг 81.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх;

3. Хөрөнгийн зардалд өөрчлөлт орсонтой уялдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын урсгал зардпыг 500.0 сая төгрөгөөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардлыг 250.0 сая төгрөгөөр, Соёлын сайдын урсгал зардлыг 200.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын урсгал зардлыг 2,000.0 сая төгрөгөөр бууруулах;

4. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах зардалд өөрчлөлт орсонтой холбогдуулан арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн татаасыг 91.0 тэрбум төгрөгөөр бууруулах;

5.Улсын төсвөөс хариуцах тусламж, үйлчилгээний зардалд тусгагдсан санхүүжилтээс 163.7 тэрбум төгрөгийг Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийг улсын төсвөөс төлөх шимтгэлийн зардалд шилжүүлэх;

6. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн 2 дугаар хавсралтад тусгагдсан 7,569.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг 2,769.3 сая төгрөгөөр бууруулж 172,397.2 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 38 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг 108,836.1 сая төгрөгөөр нэмэгдүүлэх;

7.Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн 2 дугаар хавсралтад тусгагдсан нийт 46 төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилд холбогдох өөрчлөлтийг оруулах;

8.Урсгал болон хөрөнгийн зардалд өөрчлөлт орсонтой холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирапн нарын төвлөрүүлэх орлого, зарцуулах зардал, орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутагт улсын төсвөөс өгөх татаасын хэмжээнд холбогдох өөрчлөлтийг тусгах;

9.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орохтой холбогдуулан 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн, зарцуулах зардал, төвлөрүүлэх орлогын дүнд холбогдох өөрчлөлтүүдийг тус тус тусгажээ.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд дээрх өөрчлөлтүүдийг тусгаснаар зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлэхгүй байх хуулийн шаардлагыг хангасан болно гэлээ.

Төслийн эцсийн хувилбараар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 16,415.1 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 18,158.7 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон тэнцлийн алдагдал 2,387.1 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцсон хэмээн танилцууллаа.

Ийнхүү хэлэлцүүлэг эхлэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авч буйг тус бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдсэн. Тэрбээр, төсөв дэх төрийн оролцоо нэмэгдсэн, төсвийн алдагдал 2.4 их наяд болсон, эдийн засгийг тэлэх, орлого нэмэгдүүлэх талаар төсөвт тусгаагүй. Ирээдүйн өв сангаас ирэх оны төсөвт авч хэрэглэхээр тусгасан, тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэгдүүлэх талаар тусгаагүй байна гэж үзээд дээрх асуудлуудыг хуульд нийцүүлэх шаардлагатай байгаа учир гурав хоногийн завсарлага авч байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх оны төсвийн төслийг 11 сарын 15-ны дотор батлах ёстой. Хугацаа бага үлдсэн гэдгийг тодотгоод УИХ дахь АН-ын бүлэгт өнөөдрийн 14.00 цаг хүртэл завсарлага өглөө.

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг уншиж сонсгов.

Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн хуулийн төслийн 1 дүгээр зүйлд гаргасан зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэж хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ‘-хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого;" гэж өөрчлөн найруулах, мөн хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд “-мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тоггвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал" гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу "-хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлт.” гэж хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмэх зарчмын зөрүүтэй саналыг ажлын хэсгээс гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Хууль, тогтоолын төслийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлаас жендэрийн хөгжлийн асуудлыг хасч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудалд нэмэхээр оруулж ирснийг Улсын Их Хурал 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын эрхлэх асуудалд хэвээр үлдээх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн хэмээн танилцуулсан.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа дээр уншиж танилцуулсан Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг тогтоолын төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд дээрх тогтоолын төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хийлээ.

Тэрбээр, Төсвийн байнгын хороо Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудтай холбогдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт-нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2022 онд 81.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа тул төсөлд тусгагдсан нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2022 онд 5,116.1 тэрбум төгрөг гэснийг 5,197.1 тэрбум төгрөг гэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2022 онд 10.9 гэснийг 11.1 гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцуулав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Төсвийн байнгын хороо дэмжсэн дээр дурдсан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хийлээ.

Тэрбээр, Төсвийн байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцлээ.

Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт 25 хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын З тогтоолын төслийг өргөн мэдүүлснээс хууль санаачлагч Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг татан авч, Төрийн байгуулалтын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн тул нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг нийт 23 хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэлээ.

Нэгдсэн хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дэмжигдсэн боловч уг саналыг дахин хэлэлцэх чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.З-т заасны дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн.

Мөн “Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-д заасны дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Т.Доржханд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Нүүрсний экспортыг хэмжээг бууруулахгүй байх, хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр Засгийн газарт үүрэг чиглэл өгөх асуудлыг тогтоолын төсөлдтусгах саналтай байгаагаа УИХ-ын гишүүн С.Чинзориг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд Ирээдүйн өв сангийн зарцуулалтын талаар тодруулсан. Ингээд Төсвийн байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

Мөн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Авлигатай тэмцэх газрын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Баделхан, Б.Пүрэвдорж нар уншиж танилцуулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед төсвийн тооцоололтой холбоотойгоор шаардлагатай бол холбогдох хууль, тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хороо Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Авлигатай тэмцэх газрын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох УИХ-ын тогтоолын төслүүдийг боловсруулан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувиар бүрдүүлдэг байсныг 10 хувь болгон өөрчлөхөөр тусгасан байна.

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шинээр байгуулагдах Боловсролын ерөнхий газрын хэрэгжүүлэх чиг үүрэг, боловсролын удирдлагын тогтолцоо, боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн чанар, үнэлгээний үр дүнгийн нэмэлт урамшуулал, суурь болон хувьсах зардлаар санхүүжүүлэх, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох асуудлыг тус тус тусгажээ.

“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан дунд ангийн суралцагчдыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн өдрийн хоолны үйлчилгээнд хамруулахаар заасан хугацааг нэг жилээр хойшлуулах буюу 2023-2024 оноос хэрэгжүүлэх өөрчлөлтийг тусгасан аж.

Авлигатай тэмцэх газрын албан тушаалын сарын цалингийн хэмжээг адил төстэй чиг үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишигтэй дүйцүүлэн “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцуулсан.

Дээрх горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр эцэслэн баталж, хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хууль зүй болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн гэлээ.

Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан нэр томьёог Нийтийн мэдээлийн тухай хуулийн төсөлтэй нийцүүлсэн бөгөөд хөрөнгийн мэдээллийг хүний эмзэг мэдээллээс хасаж хүний хувийн мэдээлэлд хамааруулахаар, Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.3,16.4 дэх хэсэгт заасан бүрэн бус чадамжтай иргэнд хувийн мэдээллээ ашиглахад шаардлагатай тодорхой төрлийн эрхүүдийг нээж өгөх, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад “нээлттэй өгөгдөл” бий болгох асуудлыг нэмж тусгах, сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг авахгүй байх талаар, Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихдаа зөвлөмж, шаардлага хүргүүлэх талаар, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болгох талаар, Монгол Улсын Их Хурлын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалтад оролцохдоо хүний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг ашиглах талаар нийт 21 зарчмын зөрүүтэй санал, 1 найруулгын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцуулсан.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.