Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны XXIII Бага хурал боллоо
Өнөөдөр Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны XXIII Бага хурал аймгийн "Залуучууд театр"-ын зааланд 82.5 хувийн ирцтэй эхэллээ.
Хурлын эхэнд Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Нацагдорж нээлтийн үг хэлж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МҮЭ-ээс явуулж буй бодлого, хөгжлийн зорилтын тухай мэдээлэл хийж хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг даргын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч А.Түвшинбат болон Аймгийн Ажил Олгогч Эздийн холбооны тэргүүн Д.Соёлтуяа нар бага хурлын төлөөлөгч нарт баяр хүргэж үг хэлэв.
Үргэлжлүүлэн Аймгийн ҮЭ-ийн холбоо /АҮЭХ/-ны дэд дарга Х.Батжаргал “Хөдөлмөрийн харилцаан дахь ҮЭ-ийн оролцоо, байр суурь”, АҮЭ-ийн холбооны Хяналтын зөвлөлийн дарга П.Баярсайхан “АҮЭХ-ны Хяналтын зөвлөлийн тайлан”, АҮЭХ-ны хуульч, мэргэжилтэн Т.Баяржаргал “Мандатын комиссын тайлан” илтгэлийг тус тус танилцуулж холбогдох асуултын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтын дагуу АҮЭХ-ны бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, сонгуулийн комиссыг баталж, тооллогын комиссын гишүүдийг гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
АҮЭХ-ны даргад тус аймгийн ҮЭХ-ны дэд даргаар ажиллаж байгаа Х.Батжаргал нэрээ дэвшүүлж түүний товч танилцуулгыг хуралд оролцогдод танилцуулав. Ийнхүү АҮЭХ-ны даргын сонгуулийн санал хураалтыг илээр зохион байгуулж, хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар АҮЭХ-ны даргаар Х.Батжаргал сонгогдлоо. Түүнчлэн ирэх дөрвөн жил нэг баг болон ажиллах аймгийн ҮЭХ-ны тэргүүлэгчээр Т.Баяржаргал, Ш.Баасанбилэг, Б.Ариунтуяа, Б.Болд, С.Энхболд, Л.Чинзориг, Г.Батбаяр нарыг бага хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тэргүүлэгчээр сонголоо.