Л.Оюун-Эрдэнэ: Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг эхлүүлнэ
2021.12.06

Л.Оюун-Эрдэнэ: Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг эхлүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхлэх МАН-ын Их хурал үргэлжилж байна. Хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” тавьлаа.

Илтгэлээс

Нэг. Боомтын сэргэлт

       Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. 

Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын дөрвөн боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг.

Одоогийн байдлаар авто замаар долоо, төмөр замаар гурав, агаарын замаар нэг боомт  холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-д эрэмбэлэгдэж байна. Эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсч цус харвалтын өмнөх байдалд орсон боомтуудынхаа боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.  

Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм. 

Өнөөдөр дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг эрс сайжруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна. 

Хилийн боомтуудыг хурдны зам холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно.  Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулцгаая.  Шинэ нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлж, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг идэвхжүүлж, иргэний болон агаарын карго тээврийн дэлхийн хэмжээний компаниудтай харилцан ашигтай түншлэн ажиллацгаая.

Товчоор хэлэхэд боомтын боймыг тайлах болно.