Л.Энх-Амгалан: Сургуулийн орчны дээрэлхэлтийн хүрээнд хүүхдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгоё
2021.12.06

Л.Энх-Амгалан: Сургуулийн орчны дээрэлхэлтийн хүрээнд хүүхдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгоё

Сургуулийн орчинд болон үе тэнгийнхэн нэгнээ дээрэлхсэн хэрэг, зодооны бичлэгүүд ойрын өдрүүдэд ар араасаа гарсаар байна.

Эдгээр зөвхөн ил мэдэгдэж буй хэргүүд бөгөөд цаана нь хэр хэмжээнд үе тэнгийнхний дээрэлхэл, ялгаварлан гадуурхалт газар авсныг таашгүй мэдэшгүй байна.

Иймд тухайн асуудлыг ул сууриар нь авч үзэж, задлан шинжилснээр дорвитой өөрчлөлт болох шийдвэр гаргах, түүнд хяналт тавих талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Улс орнуудад сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалтыг бууруулахаар төрөл төрлийн арга хэмжээг хэрэгжүүлдэг. Хамгийн сүүлд гэхэд Франц улс сургуулийн дээрэлхлийг гэмт хэрэгт тооцохоор болсон билээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Сургуулийн орчны хүчирхийлэл, хүүхдүүд нэгнийгээ хэрцгий зодсон явдал, Өвөрхангайн ахлах ангийн охин амиа алдсан хэрэг, Архангайн цэцэрлэгийн багшийн асуудал гээд энэ бүхнийг хэд хоног үзэн ядаад мартах уу. Бидэнд мэдэгдсэн нь ердөө л энэ. Үүний цаана нуугдмал хүчирхийлэл яаж өрнөж, ямар хэмжээний газар авсныг таашгүй.

Хариуцлага тооцдог газар нь тооцог гээд сайдын хувьд нуувчинд суух, өөрөөсөө холдуулах ёсгүй. Зөвхөн сайд гэдэг өнцгөөс үзэл бодлоо илэрхийлэх нь учир дутагдалтай. Яагаад гэвэл би өөрөө эцэг хүн учраас бусад эцэг эхчүүдийн нэгэн адил өнцгөөс сургуулийн орчны хүчирхийллийг маш эмзэглэж хүлээж авдаг.

Боловсролын салбар нь ёс зүйн гажуудлыг өөрөө засах, хариуцлага тооцох ёстой боловч энэ эрх мэдэл аймаг, сум, дүүргийн засаг даргад, улстөрчийн гарт шилжсэн нь өөрөө гажиг тогтолцоо. Улс төрөөс хараат боловсролын салбар байх ёсгүй гэдэг хатуу байр сууринаасаа ч ухрахгүй.

Сургуулийн орчны хүчирхийллийн асуудлыг ул сууриар нь гаргаж ирж, ул сууриар нь задалж, ул сууриар нь өөрчлөх цаг болсон. Өнөөдрийн судалгааныхаа барилыг өөрчилж, зөв тоотой болцгооё.

Сурагчдын 38% нь сургуулийн орчны хүчирхийлэлд өртдөг гэдэг бол маш аймшигтай асуудал. Энэ асуудалд нийгмээрээ ухаалаг,эрүүл саруулаар дүгнэлт хийж, зөв, цогц шийдэл гаргаж, бодитой өөрчилье. Оройтож, алгуурлаж хэрхэвч болохгүй.

2017 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн судалгаагаар ЕБС-ийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар боддог, долоон хүүхэд тутмын нэг нь амиа хорлохыг төлөвлөж байсан гэх сэтгэл сэртийлгэм тоо баримтыг дэлгэж байв.

Хүүхдийг ивээх сангийн УБ-ын 9 дүүргийн 6, 8, 10 дугаар ангийн 11-16 насны 1,236 сурагчийг хамруулан хийсэн судалгаанд оролцогсдын 37.9% нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан, бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их гарч байна.


ЮНЕСКО-оос гаргасан тайланд дурдсанаар дэлхий дахинд нийт сурагчдын 30 хувь нь сургуулийн орчинд дээрэлхүүлснээс үүдэн сурлагын амжилт нь буурч, сургууль завсардаж, мөн бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндээр хохирдог гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Багш хүүхдийн харилцаа, хүүхдүүд хоорондын харилцааны ан цав хаанаас, юунаас эхлэлтэй вэ. Хэт мөнгө шүтсэн нийгмийн гажиг тогтолцоо хүүхдүүдийн маань үг үйлдлээр илэрч байна уу. Багш цалингаа голоод хүүхдүүдийнхээ хүмүүжлийг ор тас орхисон уу, эцэг эхчүүд миний л хүүхэд зүгээр байвал гэсэн бодлоор ханддаг нь бусдыг үл тоосон амиа бодох үзэл хүүхдүүдээр дамжиж илэрч байна уу, мэдээллийн хяналтгүй хэт эрх чөлөө нөлөөлөв үү.

Хэт цахимжсан орчин цоо шинэ нөхцөл байдал, ёс суртахууны олон хүмүүжлийг далд хэлбэрээр асар хурдтай олгож байна уу. Энэ бүхнийг үл тоож лоозонгийн үг, үйлдлээр бид хүүхдүүдийнхээ ирээдүйг бүрхэг болгож байгаа юм биш биз...Нүдээ нээх цаг болжээ...

Сайдын хувьд тушаал, шийдвэр гаргаад л энэ асуудал шийдэгдчих зүйл биш. Харин хандлагаа өөрчлөх нь гол сорил гэж үзэж байна. Өнгөрсөн 30 жилд бүтэн хаягдсан сэдэв. Үргэлж нүднээс далд өрнөдөг, насанд хүрэгчид мэдэхгүй өнгөрдөг зүйл. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ харилцах, илэн далангүй ярилцах, хүүхдээ ойлгох тал дээр асар дутагдалтай болсон. Бид сургууль бүр дээр нийгмийн ажилтан гэдэг орон тоо бий болгоод даруй 24 жил боллоо.Бид нийгмийн ажилтнуудаа нэг ч удаа гэсэн анхааралтай сонссон уу.Тэднийгээ чадавхжуулж,тэдний ажиллах нөхцөл,урам зоригийг нь сэрээсэн үү.

Асран хамгаалагч ба багш, багш ба сурагчид, мөн гуравласан холбоог шинэ ойлголт, шинэ хандлага, шинэ хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай боллоо. Эцэг эх, багш нар, салбарын яам, мэргэжилтнүүд ч өөрсдөө боловсрох, танин мэдэх шаардлагатай. 2022 онд дараах чиглэлүүдийн ажлыг цаг алдалгүй эхлүүлье.

Сургуулийн орчны дээрэлхэлтийн хүрээнд хүүхдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгоё. Хөгжингүй орнуудад нутагшсан, сайн үр дүнтэй арга. Их сургуульд орох, олон нийтийн арга хэмжээнд оролцох, тэтгэлэг хүртэх гэх мэт боломжуудтай нь ярилцдаг буюу сурагчийн хувийн хэрэгтэй төстэй.

Харин дээрэлхэлт гэдэг зүйлийг чухалчлан авч үзсэн загвар юм. Хүн болох багаасаа ирээдүйд нийгэмд биеэ даасан, хариуцлагатай иргэн болж төлөвших учиртай.

Мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтрах ажиллах замаар нийгмийн хандлагыг өөрчлөх талаар дорвитой арга хэмжээнүүд шаардлагатай. Дээрэлхүүлдэг болон дээрэлхдэг хүүхдийн сэтгэлзүйг засах, хандлагыг өөрчлөх хэрэгтэй байдаг.

Энэ хичээлийн жилээс сэтгэл зүйчдийг тусгай хөтөлбөрөөр бэлдэж 150 сургуульд ажиллуулж эхэлсэн. Ирэх жилээс Улсын хэмжээний бүх сургуульдаа сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэлээ хангаж байна. Богино хугацаанд үр дүн гарч байгаа.

Энэ талаар шинэлэг санаа шийдэлтэй багууд, сэтгэл зүйчид, нийгмийн зүтгэлтнүүд, инфлүнсэрүүдийг дэмжиж ажиллана


Гэхдээ дан ганц сэтгэл зүйчид бүх зүйлийг залруулна гэдэг худлаа. Эцэг эх, багш нарын боловсрол, ойлголт, хандлагыг өөрчлөхөөс бүх ажил эхлэх учиртай гэж боддог. Энэ сэдвийн талаар нийгэмд өргөн дэлгэр ойлголтыг өгөх нь үр дүнтэй. Хүчирхийлэгч багш, хүчирхийлэгч эцэг эх, гэр бүлийн орчин, хүчирхийлэгч хүүхдүүд байгааг нуух ёсгүй. Үүнийг хүн бүр мэддэг.

Тиймээс нийгмийн өмнө соён гэгээрүүлэх үүрэг хүлээсэн сэтгүүлч, нийгмийн зүтгэлтнүүд, инфлүинсэрүүд ч танин мэдэж, өөрчлөгдөх учиртай. Энэ бүх эерэг хандлага, хүмүүжлийн зөв ёс суртахуунд суралцахад сурагчид, хүүхдүүдийг өөрсдийг нь идэвхтэй оролцуулах арга замыг бий болгох ёстой.

Харин эцэг эх, багш, сурагчид та бүхэн тусалж дэмжээрэй. Өөрийн тань хүүхэд хүчирхийлэлд өртөөгүй, орчин нь сайн байлаа ч гэсэн оролцоорой гэж хичээнгүйлэн хүсье.

Энэ талаар шинэлэг санаа шийдэлтэй багууд, сэтгэл зүйчид, нийгмийн зүтгэлтнүүд, инфлүнсэрүүдийг дэмжиж ажиллана. Энэ бол урт хугацаанд бугшсан асуудал бөгөөд нэг өдөр өргөс авсан юм шиг шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ бид ирээдүйн эд баялгаас илүүтэй ирээдүйд зөв хүн байх нөхцөл боломжийг үр хүүхдүүддээ бүрдүүлж өгөх нь бидний ирээдүйдээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт байх болно" хэмээн бичжээ.