Ц.Мөнхцэцэг: Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэх механизмыг оруулна
Хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэчлэлийн хүрээнд мэргэжлийн судлаачид, хараат бус байгууллагуудын хийсэн судалгааны үр дүн болоод хуулийн шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улс нь бүс нутагтаа ардчилалд тайван замаар шилжсэнээрээ үлгэр жишээ үзүүлж, олон улсын ажиглагчдын үнэлгээгээр тогтвортой ардчилсан улс болж чаджээ. “Freedom House” байгууллагаас гаргадаг дэлхий нийтийн эрх чөлөөний индексээр 1991-2020 онд бүс нутаг дахь бүрэн эрх чөлөөтэй цөөн улсын нэг болов.
Хэдий тийм боловч хууль дээдлэх ёсны индекс, авлигын индекс зэргээр дорвитой ахиц дэвшил гараагүй байна.
Тухайлбал, Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байна. Бид авлигын эсрэг тэмцэх, тус гэмт хэрэг илрүүлэх, гэмт хэрэгт холбогдогсдыг шийтгэх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд боловсронгуй болгох мөн хүний эрхийн тодорхой асуудлуудаар дэвшил гаргах шаардлагатай. Тэгэхээр МАН-аас эхлүүлсэн “Хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэчлэл” гэсэн энэ том үйл ажиллагааны хүрээнд манай мэргэжлийн судлаачид, хараат бус институт байгууллагууд судалгааны үр дүнгүүдийг танилцуулж байгаа. Энэхүү судалгааны үр дүнд суурилсан зөвлөмжүүдээс УИХ дээр тодорхой хуулиудад өөрчлөлт орно. Хүний эрхийн зөрчил хамгийн их байгаа асуудлуудыг анхааран ажиллана.
Тайван замаар жагсаал цуглаан хийх зохицуулалтуудыг олон улсын стандартад нийцүүлж, илүү чөлөөтэй болгох ёстой.
Мөн эрүүдэн шүүх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүдэн шүүхийн эсрэг механизмыг илүү боловсронгуй болгох, хараат бус үндэсний механизмыг бэхжүүлэх, ХЭҮК-ын дэргэдэх Эрүүдэн шүүхийн эсрэг хараат бус гишүүнийг сонгох ажлыг яаравчлах шаардлагатай байна. Мөн хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод үзүүлэх сэтгэл заслын болон урт хугацааны нөхөн сэргээх үйл ажиллагааг илүү чанартай болгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд бүх талуудыг оролцуулах, хүүхэд хамгааллын өндөр түвшин бүхий стандартыг нэвтрүүлэх болно.