2021.12.10

Т.Аубакир: Баян-Өлгий аймгийн хувьд 160 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2021.12.10/ боллоо. Хурлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Хэлэлцэж буй асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Эрчим хүчний найдвартай, тогтвортой байдлыг хангах бодлого учраас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг дэмжиж байгаа.

Тус төсөл хэрэгжүүлж буй газарт айл өрхүүдийн өвөлжөө, хаваржаа бий. Ямар нэгэн байдлаар нүүлгэн шилжүүлэх тохиолдолд маргаан үүсгэхгүйгээр шийдэх хэрэгтэй. Баян-Өлгий аймгийн хувьд 160 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ. Ингэхдээ тэднийг хөөж, туугаад байж болохгүй. Түүнчлэн ой модыг нүүлгэн шилжүүлэхэд чухал ач холбогдол өгөх ёстой.

Ирэх хавраас төслийн ажил эхлэхтэй зэрэгцэн ан амьтны төллөх цаг давхацна. Энийг маш сайн анхаарах хэрэгтэй.

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариуллаа.