Б.Бат-Эрдэнэ: МҮБХ-ны дотоод журам Баяр наадмын тухай хуультай нийцсэн байх шаардлагатай
2021.12.16

Б.Бат-Эрдэнэ: МҮБХ-ны дотоод журам Баяр наадмын тухай хуультай нийцсэн байх шаардлагатай

Улсын арслан Э.Оюунболд допинг давтан хэрэглэсэн нь БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Улмаар МҮБХ-ны зүгээс Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасах шийдвэр гаргасан юм. Дээрх үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын Ёс зүйн байнгын хороон дарга, дархан аварга Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлснийг хүргэе.


“МҮБХ-ы Цэцдийн зөвлөл гэж 67 гишүүнтэй байгууллага байдаг. 2021 оны хавар гуравдугаар сард Цэцдийн зөвлөлийн хурлаараа допингтой хатуу тэмцэх өөрчлөлт оруулсан. Допинг давтан хэрэглэсэн тохиолдолд барилдах эрхийг нь найман жилээр хасах тухай заалт оруулсан юм билээ. Гэхдээ үүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Биеийн тамир спортын тухай хууль, Баяр наадмын тухай хуулиудад нийцүүлж авч үзэх шаардлагатай гэж хувьдаа үзэж байна. Гэхдээ допингтой хатуу тэмцэх ёстой. Нөгөө талдаа хууль зүйн шинжлэх ухаан талаас нь аваад үзэх юм бол ял шийтгэлийг давхардуулан олгож болохгүй. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм бол хүний нөхцөлийг дордуулах шийтгэлийг оногдуулж болохгүй гэх мэтчилэн хэд хэдэн зарчим бий. Энэ бүхнийг авч үзэх ёстой.

Э.Оюунболд хэдэн онд ч билээ дээ, Улсын баяр наадамд түрүүлэхэд допинг илэрсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу барилдах эрхийг нь хоёр жилээр хасч, цолыг нь хураасан. Өнгөрсөн зун болсон барилдааны үеэр мөн допинг илэрсэн бололтой. Үүнд зохих шийтгэлийг нь оногдуулах нь зүйн асуудал. Гэхдээ нэгэнт өмнө гаргасан зөрчилд нь зохих шийтгэл оногдуулсан бол дахин шийтгэл оногдуулж байгаа нь чухам ямар учиртай юм бол. Энэ бүхнийг харгалзаж шийдвэрээ эргэж харах болов уу.

Багшийн зүгээс хэлэхэд, өөрийнх нь бяр хүч, барилдааны мэдрэмж заяасан, ямар ч нэмэгдэл хэрэггүй байгалиас өгөгдөлтэй хүн гэж Э.Оюунболдыг ойлгодог юм. Өнөөдөр ийм хүнд нөхцөлд юу хэлэх вэ. МҮБХ, холбогдох байгууллага энэ үйлдлийг хууль зүйн үүднээс авч үзэж анхаарах болов уу гэж үзэж байна. Би жирийн монгол бөх хүн. Хүний нуруунд тохож болох бүх муу муухайг миний нуруунд тохож байлаа. Гэхдээ олон хүн биш, цөөхөн хэдэн хүн бий. Миний ард түмэн намайг хайрлаж, хүндэлдэг. Үүнийг цаг хугацаа харуулах байх. Би монгол ахуйдаа сайхан аав ээжийн хүү болж, сайхан ахан дүүсийн дунд зөв явах юмсан гэж хичээж 57 нас хүртлээ амьдарч явна” гэх байр суурийг дархан аварга илэрхийлсэн юм.

Ёс зүйн байнгын хороон дарга, дархан аварга Б.Бат-Эрдэнийн зүгээс МҮБХ-ы Цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан дотоод журам Баяр наадмын тухай хууль болоод БТСУ-ын хуультай нийцэж байх шаардлагатай, хууль зүйн шинжлэх ухаан талаасаа ял шийтгэлийг давхардуулж болохгүй гэх байр суурийг илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, хуулиас давсан дүрэм, журам байж болохгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуультайгаа нийцэж байх ёстой гэх байр суурь илэрхийлж байгаа юм. Харин улсын арслан Э.Оюунболдыг багаас нь бэлдсэн багш болох гавьяат багш Б.Адьяахүүгийн зүгээс дараах байр суурийг илэрхийлэв.

“Эр хоёр эндэж, эрэг нэг биш удаа нурлаа. Ямартаа ч бөхөө гэсэн олон түмнээсээ уучлалт гуйгаарай. Миний хувьд ч сэтгэлийг нь татаж өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ уучлалт гуйж байна.

Шавь минь 2013 онд улсын харцага цолонд хүрээд л багшаасаа жаахан дөлж эхэлсэн дээ. Дараа жил нь “Аварга” дээд сургуулийг 2014 онд төгсөөд наадмын бэлтгэлд аваад гарах гэтэл Г.Эрхэмбаяр аваргатай “Төр хурх”-ын амралтад бэлтгэлд гарна гээд захлаад эхэлсэн. Тэр жилээ доогуур даваанд унасан. 2014 оны намраас нь бага зэрэг гэмшээд бэлтгэл сайн хийж эхэлсэн. 2015 оны дөрөвдүгээр сард 1024 бөхийн барилдаанд түрүүлээд л бас хэд хоног олдоогүй. Долоо хоногийн дараа “Баянмонгол” орчмоос бүтэл муутайхан явж байхад нь олж авсан байдаг. Тэр үеэс л бид хоёрын нэг нь зугтаж, нөгөө нь араас нь хөөцөлддөг цаг үе ширүүхэн эхэлсэн юм. Яахав, чих нь арай зөөлөн байсан болохоор бэлтгэлд 2015 оны зургадугаар сард нэг юм аваад гарсан. Тэр жил бороо их оройтож нийт нутаг гантай байсаар долдугаар сарын 2-нд бороо орж эхэлсэн. Сүүж уулын наадмын бэлтгэлд миний бие их л ядарч, харшиж наадамтай золгосон ч Оюунболд харцага торолгүй түрүүлж магнай тэнийлгэсэн. Нуугаад яахав, баярласандаа нулимс гаргаж байсан. Ер нь бол Обо хүү 2007 оноос 2015 он хүртэл “Аварга” сургууль дээр тууштай бэлтгэл хийсэн ба тэр он жилүүд нь сурагч, оюутан цаг хугацаа байж дээ. Гол зорилго минь чөлөөт бөхийн хүнд жинд дэлхийн аварга болгох гэж бэлдсэн.

За тэгээд 2016 оны хавар шилдэг 16 бөхийн барилдаанд сайн барилдуулах гээд л гэрт нь манаж байж л Бөхийн өргөөнд авчирсан юмдаг. Гэх мэт багш, дасгалжуулагч, манаач, секурит, сэтгэл зүйч болж олон жил араас нь гуйж, гувшиж явсаан. Юу үнэн гэвэл энэ л үнэн. Өөрөө ч залхсан байх, надаас. Яагаад, юунаас гэхээр архи, бүтэл муутай, хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж тэр л дээ. Дашрамд хэлэхэд, залуу бөх Оюунболд байхаас нь чамд юу хэрэггүй вэ гэвэл уураг, витамин хэрэггүй гэдэг байсан. Тарган мах, цагаан идээгээ идэж уугаад барилд л гэнэ. Допинг санал болгож байсан удаа надад байхгүй.

Нэг хэсэг холбоо тасраад наадмаар л тааралддаг болсон. 2019 оны наадмаар бараа бараандаа нэг сар хамт байх, бэлтгэлийг нь харах, алдаа оноогоо ярих боломж гар ч билээ. Миний бие 2018 оноос “Аварга” сургуулиас гадна “Даян” дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаа ба 2019 онд Б.Гончигдамба гарьд, Оюунболд арслан хоёрыг олон барилдааны бэлтгэл хийлгэж наадмаар түрүү, үзүүрт хосоор нь хүргэх зорилго тавьсан юмдаг. Гэвч санаснаар арай болоогүй. Б.Гончигдамба гарьд их шөвөгт үлдэж, Оюунболд түрүүлсэн. Наадмын дараа би Завхан аймаг руу, залуу аварга Хэнтий зүг рүү амрахаар явцгаасан. Наймдугаар сарын 10-ны үеэр сэргээшийн хариу ирж тэнгэр ниргэх шиг цочирдож билээ. Хүй долоо худагт болсон барилдаан дээр уулзаад л салсан. Үүнээс хойш хоёр жил дөрвөн сарын хугацаанд гурван удаа л тааралдсан. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд чөлөөт бөхийн ОУХМ Д.Батням багш дээр тасралтгүй бэлтгэл хийсэн байх. Өөрөө ч тэгж ярьж байсан, өрөөлөөс ч би сонссон. Товчхондоо ийм байна. Цаашид юу болохыг миний хувьд таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай, миний том охинтой чацуу юм. Барилдахгүй ч хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж боллоо” гэсэн юм.

Гавьяат багш Б.Адьяахүүгийн зүгээс буруу замаар орсон шавийгаа татаж авахаар оролдоод дийлээгүй. Өөр багшийн гар дээр очсоноор асуудалд холбогдсон гэх байр суурийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, асуудлыг сүүлийн жилүүдэд гардаж бэлтгэсэн багш нар луу чихэх хандлага цухалзуулсан аж.

Сонирхуулахад, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, аймгийн арслан Б.Гончигтавхай гээд гавьяат багш Б.Адьяахүүгийн гардаж бэлтгэсэн шавь нар допингийн шинжилгээнд бүдэрсэн зүй тогтол харагддаг.

Э.Оюунболдыг сүүлийн жилүүдэд чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Батням гардаж бэлдсэн байдаг. Д.Батням дасгалжуулагчийн ойр орчмоос улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох нарын бөхчүүд допингийн шинжилгээнд бүдрээд байгаа юм. Д.Цэрэнтогтохын тухайд дасгалжуулагч Д.Батнямаас сая орчим төгрөгөөр цагаан тариа худалдаж авсан баримтаа ил болгосон. Д.Батнямын тухайд өмнө нь чөлөөт бөхийн “Цастын барс” клубийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд үндэсний шигшээ багийн тамирчин эмэгтэйд допинг хэрэглүүлсэн гэх хэл аманд өртөж чөлөөт бөхийн спортоос зайгаа авч Э.Оюунболдтой холбогдсон байдаг.

Үүсээд буй асуудалд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын зүгээс “Барилдаж байгаа залуу бөхчүүд дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж, өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг хичээх хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж, хамгийн дотно хүмүүс, гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаал” гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.