Авто замын ашиглалт, арчлалтын талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас хариу хүлээн авлаа
2021.12.22

Авто замын ашиглалт, арчлалтын талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас хариу хүлээн авлаа

Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, зам тээврийн ослын тоо нэмэгдэж байгаа учраас УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт санал хүргүүлсэн.

Улаанбаатар - Мандалговь -Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замаар уул уурхайн бүтээн байгуулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн болон Тавантолгой түлш ХХК-ийн нүүрс тээвэрлэсэн хүнд даацын тээврийн хэрэгслүүд зорчих болсноор авто замын гэмтэл үлэмж ихэссэн. Замын хөдөлгөөний аюулгүйн байдал алдагдсанаар зам тээврийн ослын тоо нэмэгдэж, иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрх нь зөрчигдөж байгаа талаар онцлоод дараах дараах саналыг тусгасан УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын саналын хариуг салбар яамнаас ирүүлсэн байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас илгээсэн хариу тайлбарт:

“... Тухайн чиглэлийн авто замд даац хэтрүүлсэн тээвэрлэлт их хэмжээгээр яв байгаагаас хучилтын 50 %-д их засвар шинэчлэлт хийх хэмжээнд хүрээд байгаа ба авто замыг үе шаттайгаар шинэчлэн сайжруулах хүрээнд 2021 онд ихээхэн хэмжээний эвдрэлтэй 90 км авто замд их засвар, шинэчлэлтийн ажлын зураг, төсвийг хийлгэж засварын ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна” гэхчилэн тайлбарлажээ.