Ж.Ганбаатар: Зээлийн батлан даалтын сангийн батлан даасан зээлийн хувь яагаад ийм бага байна вэ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2022.01.04/-ийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсож байна.
Сонсголын үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Зээлийн батлан даалтын сан гишүүдийн яриад байгаа асуудлыг шийдэх ёстой. Банкны шалгуурыг хангахгүй байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг танай байгууллага батлан даах ёстой гээд 50 тэрбум төгрөг шийдэж өгсөн байхаа. Өнөөдрийн тоо баримтыг харахаар 0.8 хувьд нь батлан даалт гаргасан байна. Нийт олгогдсон зээлийн 0.8 хувь гэсэн үг.
Энэ байгууллага яг эзэндээ очих, зээл хүсч байгаа, өмнө нь зээлийн түүхгүй, барьцаалах хөрөнгөгүй, банкны барьцаалбарыг шийдэж чадахгүй байгууллагад туслах газар нь танайх. Тэгтэл яагаад ийм бага хувьтай байна вэ?
Танайхтай хамтран ажиллах сонирхол яагаад арилжааны банкуудад байхгүй байна вэ?
Арилжааны банкууд танайд хандах сонирхолгүй, хамтран ажиллахаас зайлсхийдэг юм бэ? Гишүүдийн асууж байгаа эзнээ олохгүй байгаа, малчид ч ялгаагүй, гэр хороололд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр үйлчилгээний газруудын гаргалгаа нь танай байгууллага, мундаг ажиллана гэсэн. Энэ асуудлыг Сангийн сайд их ярьсан.
Таныг их дэмжиж ажилласан гэж бодож байгаа. Өнөөдөр яагаад энэ асуудал ийм байна вэ? Гол саад бэрхшээлийг нь хэлж өгөөч.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын асуултад Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал н.Алтанчимэг хариуллаа.