Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөнийн индекст өмнөх түвшнээсээ ухарчээ
2009.09.22

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөнийн индекст өмнөх түвшнээсээ ухарчээ

Улаанбаатар хот, Монгол улс— Дэлхийн эдийн засгийн эрх чөлөө: 2009 оны жилийн тайланд Монгол улс 63 дугаарт бичигдсэн нь өнгөрсөн оныхоос 20 байр ухарсаныг харууллаа. Өнгөрсөн жил Монгол улс 43 дугаар байрт бичигдэж байсан.

2009 оны тайланд дэлхийн эдийн засгийн хямралын эдийн засгийн эрх чөлөөний түвшинд үзүүлж болзошгүй нөлөөг авч судалсан нь шинэлэг болжээ. Уг судалгаагаар хямралын эсрэг арга хэмжээний явцад богино хугацаанд эдийн засгийн эрх чөлөө буурч болох авч банкны хямралын дараагаар энэ нэмэгдэх хандлагатай байгаа нь харагдсан аж.

Эдийн засгийн эрх чөлөө нь хөгжил цэцэглэлтийг бэхжүүлж, ядуурлыг бууруулахад амин чухал ач холбогдолтой үзүүлэлт учраас санхүүгийн хямралын дараа урт хугацаанд эдийн засгийн эрх чөлөө нэмэгдэж болохыг олж тогтоосон нь сайн мэдээ юм.

Тус тайлангийн энэ жилийн зэрэглэлд Хонконг тэргүүлсэн бол Сингапур, Шинэ Зеланд улсууд удаалсан байна. Судалгаанд хамрагдсан 141 улсаас Зимбабве улс эдийн засгийн эрх чөлөөний түвшнээр мөн л сүүл барьж, дараагаар нь Мянмар, Ангол, Венесуэл улсууд оржээ. 2009 оны тайлан нь хамгийн сүүлийн үеийн өргөн хүрээтэй тоо баримт бүхий он болох 2007 оны мэдээлэлд тулгуурласан байна.
Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний жил бүрийн тайланг Канадын сэтгэх хүчний тэргүүлэх байгууллага болох Фрэзерийн институтээс бусад 75 улсын хараат бус институтүүдтэй хамтран гаргадаг юм. Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний тайланд 42 янзын хэмжүүр ашигладаг бөгөөд дэлхийн эргэн тойронд байгаа улс орнуудыг эдийн засгийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж байгаа бодлогуудаар нь үнэлж зэрэгцүүлсэн индекс тогтоодог. Эдийн засгийн эрх чөлөөний тулгуур үзүүлэлтүүд бол хувь хүний сонголт, сайн дурын солилцоо, өрсөлдөх эрх чөлөө, хувийн өмчийн аюулгүй байдал байдаг.

Дэлхийн хамгийн баян чинээлэг орнуудын гол үндэс суурь нь эдийн засгийн эрх чөлөө байдаг. Эдийн засгийн эрх чөлөө өндөртэй орнуудын ард түмэн дээд зэргийн амьжиргааны түвшин, хувийн эрх чөлөөтэй байдаг. Индексийн хамгийн доод талд байгаа орнуудын хувьд нөхцөл байдал эсрэгээрээ буюу иргэд нь ядуурлын намагт живсэн, тоталитар дэглэм ноёрхсон, хувь хүний эрх, эрх чөлөө байхгүй, байлаа ч хомс байдаг.

Тайлангийн бүрэн эхийг www.freetheworld.com хаягт тавьсан байгаа.

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний гол бүрэлдэхүүн хэсгүүдэд дараах оноонуудыг авчээ (1-10 хүртэл оноо өгөх ба энэ оноо өндөр байх тусам эдийн засгийн эрх чөлөөний түвшин өндөр байгааг харуулна):

  • Засгийн газрын хэмжээ: түрүү жилийн тайланд 7.52 (21-байр) оноотой байснаа энэ жил 6.3 (77) болж өөрчлөгджээ.
  • Эрх зүйн бүтэц ба өмчийн эрхийн аюулгүй байдал: 5.80 (64) -аас 5.7 (71) оноотой болж өөрчлөгджээ.
  • Эрүүл мөнгөнд хүрэх боломж: 8.67 (60)- оос 8.2 (74) оноотой болжээ.
  • Олон улсын хэмжээнд худалдаа эрхлэх эрх чөлөө: 7.01 (60) - ээс 7.1 (56) оноотой болж өөрчлөгджээ.
  • Зээл, хөдөлмөр, бизнесийн зохицуулалт: 7.09 (50) - өөс 7.2 (37) оноотой болж өөрчлөгджээ.

Эдгээр хэсгийн оноо нь бусад дэд хүчин зүйлийн онооноос хамаардаг бөгөөд жишээлбэл, Монгол улс зээлийн зах зээлийн зохицуулалтаар 3 (9.9 оноо) дугаар байр, хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтаар 82 дугаар байр (5.6), бизнесийн зохицуулалтаар 50 дугаар байр (50) –ыг тус тус эзэлсэн байна.

Олон улсын зэрэглэл

Энэ жилийн үндсэн индексэд Хонгонг 10 онооноос 8.97 оноо авч тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр байна. Хамгийн өндөр оноо авсан бусад орны тоонд: Сингапур (8.66), Шинэ Зеланд (8.30), Швейцарь (8.19), Чили (8.14), АНУ (8.06), Ирланд (7.98), Канад (7.91), Австрали, Их Британи хоёр (7.89), Эстони (7.81) улсууд орсон байна.

Томоохон эдийн засагтай бусад орнуудын зэрэглэл ба оноог харуулвал: 16 дугаар байрыг Тайвань, Финлянд, Маврит гурав адилхан 7.62 оноогоор хуваан эзэлсэн бол Герман 27 (7.50); Япон 28 (7.46); Өмнөд Солонгос 32 (7.45); Франц 33 (7.43); Испани 39 (7.32); Швед 40 (7.28); Итали 61 (6.95); Мексик 68 (6.85); Израиль 78 (6.69); Хятад 82 (6.54); Орос 83 (6.50); Энэтхэг 86 (6.45); Аргентин 105 (6.10); Бразил 111 (6.00) дүгээр байрт орсон байна.

Хэд хэдэн улс зэрэглэлээ ихээхэн дээшлүүлж, сүүлийн арван жилийн турш эдийн засгийн эрх чөлөөний түвшнээ харьцангуй сайжруулаад байна. Эстони улс зэрэглэлээ 1995 оноос хойш бараг 2.0 оноогоор дээшлүүлж одоо нийлбэр үзүүлэлтээр 11 дүгээрт бичигдэж дэлхийн хамгийн их эдийн засгийн эрх чөлөөтэй орны нэг болоод байна. Литва, Латви улсууд ч 1995 оноос хойш зэрэглэлээ мөн адил хэмжээгээр нэмэгдүүлж 2007 оноос хойш оноо нь 7.0-с даваад байна. Кипр, Унгар, Кувейт, Солонгос улсууд ч оноогоо бодитойгоор нэмэгдүүлж одоо 7.25 буюу түүнээс дээш оноотой болоод байна. Африк тивийн Гана, Замби улсууд ч хамаагүй чөлөөтэй болж тус тус 6.97 ба 7.16 оноотой болжээ.

Гэвч дандаа сайн мэдээтэй байсангүй. Хэд хэдэн орон эдийн засгийн эрх чөлөөндөө ухралт хийсэн байна. Зимбабве улсын зэрэглэл 3.18 оноогоор буурсан байхад Аргентин улсынх 1995 оноос хойш 0.80 оноогоор доошилжээ. Мөн ижил хугацаанд Малайз, Филиппин улсуудын зэрэглэл ч унасан байна. 2000 оноос хойш Венесуэлийн зэрэглэл 1.5 гаруй оноогоор буурч 4.07 оноотой болжээ. Мөн энэ хугацаанд Непал улсын зэрэглэл 5.62-оос 5.18 болж буурчээ. АНУ-ынх ч бас бараг 0.7-гоор буурч 2000 онд 8.55 байсан бол одоо 7.88 болсон нь тус улсын зэрэглэлийг 2000 оны 2 дугаар байраас 7 дугаар байр хүртэл ухраасан байна.

Эдийн засгийн эрх чөлөө ба дэлхий нийтийн хямрал

Судалгаанд 1990-ээд оны үед Норвеги, Шведэд болсон банкны хямралыг судалсны үндсэн дээр хямралын эсрэг арга хэмжээ авахад эдийн засгийн эрх чөлөө богино хугацаанд буурч болох боловч урт хугацаанд банкны хямрал арилсны дараа эдийн засгийн эрх чөлөө нэмэгдэх хандлагатай байдгийг тогтоосон байна. Норвеги, Шведийн жишээний хувьд эдгээр орнуудыг зах зээлд суурилсан шинэчлэлийн бодлогуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд банкны хямрал саад болоогүй ажээ.
“Хэдийгээр банкны хямрал маш хүнд хэцүү байж болох боловч засгийн газрын зохицуулалтыг сайжруулснаар тэдгээрийг бүрэн удирдаж чадна гэж үзэх нь хоосон төөрөгдөл юм. Үнэн хэрэгтээ, буруу гажууд зохицуулалтуудыг хэт их уян хатан байдалтай хослуулсан нь одоогийн хямралыг үүсгэхэд гол нөлөө үзүүлснийг жишээлж болох юм” гэж Фрэзер институтийн дэргэдэх Даяаршил судлалын төвийн захирал Фрэд МакМэхон хэлсэн байна.

“Засгийн газрын богино хугацаанд хийсэн хариу үйлдэл эдийн засгийн эрх чөлөөг бууруулдаг нь бараг маргаангүй боловч түүхээс үзэхэд, урт хугацаанд ийм байх албагүй нь харагдаж байна. Санхүүгийн хямрал туулсан хэд хэдэн улс дараагийн жилүүдэд нь эдийн засгийн эрх чөлөөгөө дээшлүүлэх алхам хийсэн байдаг. Эдийн засгийн эрх чөлөөнд үзүүлэх нөлөө нь бид тухайн хямралаас ямар сургамж авснаас хамаардаг. Бид эдийн засгийн эрх чөлөөнд илүү нийцсэн институци, бодлогуудад шилжих үү? Эсвэл улс төржүүлж, микро түвшний удирдлагад оролцож, төр засгийн хэмжээ, гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх үү? Хэрэв бид дараагийн замыг нь сонговол хувь заяа маань 1930-аад оны үеийнх шиг болж, бид дахин уналт, зогсонги байдлын алдагдсан 10 жилийг туулах болно.”

Эдийн засгийн эрх чөлөөний индексийн тухай

Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний индекс нь улс орнуудын бодлого, институциүдийн эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж байгаа түвшнийг хэмждэг.
Энэ жилийн тайланд хамгийн сүүлийн үеийн тоо баримт байгаа он буюу 2008 оны байдлаар дэлхийн хүн амын 95%-ийг төлөөлсөн 141 улсын зэрэглэлийг тогтоожээ. Мөн өмнөх тайлангуудын засвар өөрчлөлт орсон тоон үзүүлэлтүүдийг энэхүү тайланд нөхөн шинэчилсэн байна.

ХАРИЛЦАХ ХАЯГ: Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж 5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-210648
Монгол
утас: +976-11-313207
факс: +976-11-324857
www.forum.mn

Эдийн Засгийн Эрх Чөлөөний Сүлжээ байгууллага, түүний тоо баримтууд болон Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний өмнөх тайлангуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.freetheworld.com хаягаар орж үзнэ үү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.