Ашигт малтмалын орд ашиглах ТЭЗҮ-г 5 жил тутам сунгадаг байсныг болиулна
2022.01.19

Ашигт малтмалын орд ашиглах ТЭЗҮ-г 5 жил тутам сунгадаг байсныг болиулна

АМГТГ-аас Уул уурхайн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, хүнд сурталгүй хариуцлагатай үзүүлэх зорилтын хүрээнд Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оны 074 дүгээр тушаалаар батлагдсан журмыг ханган ажилладаг. Тэгвэл тус журмын 7.3-д заасан хэсгийг шинэчилсэн журамд хасахаар оруулжээ.

Тодруулбал, “Уул уурхайн төсөлд хүчин чадал, техник, технологийн өөрчлөлт орсон, уг техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулснаас хойш 3-аас дээш жилийн хугацаа өнгөрсөн, ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд болон тухайн техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авснаас хойш 5 жил тутамд төсөл хэрэгжүүлэгч байгууллага техник, эдийн засгийн үндэслэлийг тодотгох, шинэчлэх буюу шинээр боловсруулах үүрэг хүлээнэ” гэж заасан байсныг хасахаар тусгасан байна. Ингэснээр нэг талаараа уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд үүсдэг дарамт арилах юм. Нөгөөтэйгүүр төрөөс аж ахуй эрхлэгчдийг дэмжих, хууль журмаар далайлгахгүй байх, хяналт шалгалтыг багасгах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа явдал юм.

Журмын өөрчлөлтийг тусгахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны А/48 дугаар тушаалаар “Ашигт малтмалын баялагын урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник эдийн засгийн үндэслэлд тавигдах шаардлагууд ба техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”-ын төслийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг боловсруулан ажиллаж байна.