2020.11.10
Т.Аубакир гишүүн Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийн ажлын хэсгийг ахална
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудад чиглэл өгөх байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар боллоо.
Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахлах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Дэлгэрсайхан Х.Баделхан, Т.Энхтүвшин, Г.Ганболд, Д.Өнөрболор нарын бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтлоо.
“Асгатын мөнгөний орд нь нийт 6.4 сая тонн хүдэр, 72.6 мянган тонн зэс, 3.3 мянган тонн висмут, 31.8 мянган тонн сурьма, 2.2 мянган тонн мөнгөнөөс гадна бусад дагалдах холимог металлын нөөцтэй Монгол Улсын стратегийн ач холбогдолтой чухал орд юм. Уг ордыг 1976 онд БНМАУ-ын хилийн 100 км-ийн бүсийн геологийн судалгааны үед илрүүлсэн бөгөөд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар 3 км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс юм. Асгалтын мөнгөний орд нь Баян-Өлгий аймагт оршдог.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр тусгасан.
Энэ ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд
- 2021 онд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулах, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх,
- 2022 онд дэд бүтцийн бүтээн байгуулалт, нэмэлт хайгуулын ажлыг хийх,
- 2023 онд баяжуулах үйлдвэрийн бүтээн босголтын ажлыг эхлүүлэх,
- 2024 онд бүтээн байгуулалтын ажлыг хийж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэхээр зорилт тавьжээ.
Уг ордыг хэрхэн ашиглах талаар ОХУ, АНУ, Австралийн хэд хэдэн компанитай яриа, хэлэлцээ хийгдэж байгаа аж. Тиймээс эдийн засгийн судалгаа тооцоог илүү нарийвчлалтай хийж, асуудлыг цогцоор нь шийдэх гарц шийдлийг гаргах нь чухал гэдгийг УИХ-ын гишүүд өнөөдөрийн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр хэлж байлаа.