Г.Дамдинням: Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулж байна
76+ булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням оролцлоо.
Г.Дамдинням:Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулж байна
-Таны хувьд УИХ-ын гишүүн болоод хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд Цар тахлын хуулиар зарим зүйл зохицуулагдаж байгаа. Дахиад ч долоон сар хүртэл үргэлжлэхээр байна. Тэгвэл та УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Цар тахлын хуулийг зайлшгүй нөхцөлд баталсан. Мөрдөөд явахаас өөр арга байхгүй. Хямралын үед тусгай менежментээр бид цар тахлыг давж гарахаас аргагүй. Хэвийн горимоор явах боломжгүй байна гэсэн үг. Зарим нэг иргэд 2-3 заалтад шүүмжлэлтэй хандаж байгаа. Миний хувьд Төрийн албаны хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Дан Цар тахлын хуульд буруу өгч болохгүй. Олон жил тууштай олон улсын байгууллага болон ТББ-иудад ажилласан хүмүүсийг төрийн байгууллагад нээлттэй оруулж ирэх боломжоор хангах хэрэгтэй. Яагаад гэхээр тэр хүмүүс чинь хувийн байгууллагад чадавхижсан мэргэжилтнүүд байдаг. Жишээлбэл, олон жил судалгаа хийж, их сургуульд багшилсан хүн төрийн албанд оръё гэхээр үүд хаалга нь хаалттай байдаг юм билээ. Цар тахлын үед шуурхай томилгоонуудыг хийх шаардлагатай байсан болохоор шууд томилсон гэж харж байгаа. Нөгөө талдаа би хувь гишүүнийхээ хувьд Төрийн албаны хуульд шинэчлэл хийж чадварлаг залуучуудыг оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж бодож байгаа. Тиймээс Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгаа. Төрийн албанд тавигдах шаардлага нь олон жил нэг газар ажилласан туршлага байх хэрэгтэй, мөн шинээр юу хийсэн бэ, ямар чадвартай вэ, ямар шинэ төсөл хөтөлбөрүүд оруулж ирсэн бэ гэдгийг үнэлж байх ёстой шүү дээ. Тэгэхээр төрийн албаны хуульд шинэчлэл хийх шаардлагатай.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж байгаагүй юу. Эрх барьж байгаа нам 65 суудалтай шүү дээ. Хууль санаачлаад батлах хугацаанд хангалттай гэж харж байна?
-Шуурхай авах арга хэмжээнд үүнээс өөр сонголт байгаагүй. Цар тахлын хуулийг богино хугацаанд менежмент хийхээр л баталсан.
-Тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад насан туршийн тэтгэмж олгож байгаа. Таны ахалдаг байнгын хороо үүнд өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Намрын чуулганаар Монгол Улсын Засгийн газарт өгсөн дүрэм журмын шинэчлэлдээ хариулт сонсож чадсангүй. Тэгэхээр ирэх гуравдугаар сарын 15-наас эхлэх хаврын чуулганаар байнгын хороон дээр авч ярилцана. Засгийн газар ямар чиглэлд өөрчлөлт хийсэн бэ гэдэг дээр хуралдана.
Байнгын хорооноос өгч байгаа чиглэл нь насан туршдаа авч байгаа тэтгэмжийн эзэд нь нийгэмд хувь нэмрээ оруулж, үлгэрлэх, хүмүүжилд нөлөөлөх энэ ажлаа хийх хэрэгтэй гэсэн зүйлийг тусгасан байгаа. Тэгэхээс зөв зүгээр байж байгаад цалин авах тиймхэн байна. Хоёрдугаарт, дан ганц олимпын төрөл гэж болохгүй. Нийтээрээ эрүүл мэнддээ анхаарах чиглэлд ч өгөх хэрэгтэй. Тэгж байж нийтийн биеийн тамир хөгжинө. Тиймээс бодибилдинг, аэробик, бусад фитнесс гэх мэт төрлүүдэд олон улс, тив дэлхийд оролцчихсон тамирчдыг үнэлдэг байх ёстой. Гуравдугаарт ид хийж бүтээх насанд нь энэ хүмүүсийг тэтгэвэрт гаргаж болохгүй. Тэтгэвэрт гарсан тив дэлхийн медальтнууддаа энэ тэтгэмжээ олгоод явъя. Харин тэтгэврийн нас нь болоогүй байгаа залуу үеийг нэг олимпын циклийн үед олгоод, тэтгэвэрт гарах хүртэл нь олгохгүй байж байгаад, тэтгэвэрт гарахаар нь олгодог байя гэж байгаа юм.
-Одоо бол допингийн зөрчилтэй тамирчны тэтгэмжийг л цуцалж байгаа билүү?
-Олимп тив дэлхийн тэмцээнд оролцсон тамирчдын насан туршийн тэтгэмжийг ганцхан нөхцөлд цуцалж байгаа. Тэр нь допингтой холбоотой зөрчил үүсгэсэн л бол, цуцалж байгаа. Тэгэхээс эрүүгийн гэмт хэрэг, ямар нэгэн ял шийтгэл авсан тамирчинд тэтгэмж олгогдоод явж байгаа. Энэ бол шударга ёсонд нийцэхгүй л дээ. Энэ олгож байгаа мөнгө бол, өдөр шөнөгүй зүтгэж байгаа төрийн албан хаагчийн татвар төлөгчийн мөнгө байхгүй юу.
Залуучууд олимпд оролцож энэ тэтгэмжийн төлөө зүтгэдэг гэдэг ойлголтыг зарим иргэд хэлдэг. Гэхдээ хүн болгон өөр өөрийнхөө салбарт залуу насандаа хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Монголын төрөөс ийм хэмжээний тэтгэмжийг өөр салбарт олгодоггүй. Гэтэл Дэлхийн хамгийн том дуурийн дуулаачийн уралдаанд түрүүлчихсэн хүн байна. Энэ залуучуудад насан туршийн тэтгэмж өгдөггүй. Эрдэм шинжилгээ судалгааны салбар байна. Шинжлэх ухааны салбарынхан байна. Томоохон эрдэм шинжилгээ, судалгаа нь дээр ажиллаад амжилт гаргасан залуу судлаачдыг бид үнэлдэггүй.
-Сүүлийн өдрүүдэд бөхчүүдийн допингтой холбоотой асуудал шүүмжлэл дагуулаад байна. Монголын Үндэсний бөхийн холбоо тэмцээнээ ч зохиож чадахгүйд хүрлээ. Зарим бөхчүүд баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан шударга бус эрх хасалтад шүүмжлэлтэй хандаж байгаа. Допинг илэрсэн бөхчүүдийн эрх хасах хугацаанд таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Олон улсын жишгээ л дагах ёстой юм билээ. Хэр хэмжээний ямар бодис хэрэглэсэн байна, давтан үйлдэж байна уу үгүй юу гэдгээс нь хамаарч шийтгэлийн хэм хэмжээ нь өөр өөр байдаг юм билээ. Хөнгөн атлетикийн тамирчид 8, 12 сараар гэх мэт хасуулдаг юм билээ. Зохицуулалтаа хийчих хэрэгтэй. Нэг зүйлийг хэлчихмээр байгаа юм. Спортын салбарын нэр хүндийг спортын салбарынхан өөрсдөө унагаагаад байгаа юм. Бүх холбоод нь хоёр хуваагдчихсан. Монголын ард түмний өв соёл, үнэт зүйлсийн нэг болчихсон Үндэсний бөхөө ч барилдуулж чадахгүй байна гэдэг гутамшигтай зүйл шүү дээ. Энийг хэн хийж байна гэхээр спортынхон өөрөө хийж байгаа шүү дээ. Дараагийн асуудал, Спортын салбарын өмч хөрөнгө байна. Спортын ордныг тойрсон газрын асуудал байна. Барилга, байгууламж байна. Хэн хувьчилсан, хэн зарж үрсэн байна гэхээр дандаа спортынхон байгаад байгаа.
Г.Дамдинням: Дарханы замаар зорчсон иргэнээс “амьд ирсэндээ баяртай байна” гэхчлэн зурвас авдаг
-Дарханы замын асуудлаар салбарын сайдад нь шаардлага хүргүүлсэн. Энэ асуудал ямар шатандаа явна вэ?
-УИХ-ын гишүүний тангараг өргөсөн цагаасаа хамгийн эхэнд барьж авсан ажил маань Дарханы зам байсан. Энэ замын төсөл эхлээд 3-4 жил болоод явж байна. 2020-2021 оны хувьд хамгийн их ахисан жил байлаа. Менежментийн алдаа дутагдал их гаргаж байна. Цаг уур болон коронавирусээс шалтгаалсан хүндрэлүүд гарсан байдаг юм. Энэ замаар өдөрт 15 мянга орчим машин явдаг. Өглөө босоод ирэхэд л аймар үгтэй мессеж ирсэн байдаг. “Амьд ирсэндээ баяртай байна. Энэ замыг дуусгаад өгөөрэй” гэх мэт зурвас ирдэг. Бид нар олон түмний төлөөлөл болоод сууж байгаа. Тэрнээс биш энэ бол Дамдиннямын дарханы зам биш байхгүй юу. Хамгийн сүүлд Эдийн засгийн байнгын хорооноос Дарханы замын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөлтөд нь туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Үүнд Сэлэнгэ, Дархан, Төв, Эрдэнэт аймгийн төлөөлөл оролцсон байгаа. Ерөнхий сайдаас 2023 оны аравдугаар сард багтааж дуусгах чиглэл өгсөн байна билээ. Энэ бол их урт хугацаа. Ер нь бол энэ зам 400 гаруй км 2 эгнээ зам юм. Арван багц ажил. Одоогоор гурван багц нь дуусах шатандаа орж байгаа. 2022 оны зун намар ядаж нэг урсгалыг нь бүтэн тавиулахад анхаарч ажиллана даа.
-Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа хүний хувьд Боловсролын багц хуульд ямар шинэчлэл хийгдэж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн хаврын чуулганаар соёлын салбартай холбоотой хуулийн төслүүдээ хэлэлцүүлэхийг зорьсон. Нийтдээ гурван хуулийг эцэслүүлсэн. Тухайлбал, Музейн тухай анхдагч хууль, Кино урлагийг дэмжих анхдагч хууль, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга бий. Эдгээрийг дагалдах Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийг 2022 оны хаврын чуулганаар өргөн барихаар бэлдэж байна. Өнгөрөгч намрын чуулганаар Боловсролын багц хуулийг барьж аваад УИХ-ын зургаан багц ажлын хэсэг гарчихсан нийт 23 гишүүн орчихсон эд ажиллаад намрын чуулганы турш, 60 гаруй мянган бичгийн санал, 10 мянга орчим уулзалтуудын санал аваад одоо нэгтгээд явж байна. Чуулган завсарлах хоёр сарын хугацаанд хуулийн төсөл дээр авсан бүх саналуудаа нэгтгээд хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн зургаан багц саналаа нэгтгээд өргөн барина. Одоогоор СӨБ, ЕБ-ын тухай хуулийн ажлын дэд хэсгийн ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ хуулиудаас ямар хүлээлттэй байна вэ гэхээр нийгмийн бүхий л талын оролцоог хангахыг хичээлээ. Багш, эцэг эх, ТББ, ААН-үүдийн дуу хоолойг сонсож, хуулийг өөрчилж байгаа. Нэгдүгээрт ОУ-ын чиг баримжаа хаана явна, энэ стандарт руу нь дөхөж очье. Хоёрдугаарт хуулийн нийгэмд үйлчлэх үүрэг суларчихсан байсан. Зөвхөн СӨБ, ЕБ-ын тухай хуульд 40 гаруй удаа өөрчлөлт ороод, хуулийн анхны үзэл баримтлалаасаа хол зөрөөд явчихсан байсан. Зохицуулалт байхгүй.
СӨБ, ЕБ, Дээд боловсрол, Судалгааны их сургууль, Боловсролын ерөнхий хууль, Хүмүүнлэг боловсролын тухай хууль гээд энэ зургаан багц хууль чинь хүн сургуулийн боловсролын тогтолцоонд анх цэцэрлэгийн наснаасаа авахуулаад насан туршийн боловсрол хүртэл Монголын боловсролын тогтолцоог нэг дор нь нэг цаг дор бүгдийг уялдаатай авч үзэж байгаа анхны оролдлого юм. Хүлээлт бол асар өндөр байгаа.
2022 оны нэгдүгээр сараас багшийн цалин 30 хувиар нэмэгдэж суурь цалин нэг сая төгрөг болж байна. Төсвөөс шалтгаалсан өөрчлөлтүүд хүлээгдэх нь тодорхой. Гэхдээ аль болох төсөөллөө хэрэгжүүлэхийг зорино. Хоёр настнуудын хувьд эцэг эхийн сонголтод шийдвэрлэхийг тусгаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.