Монгол Улсын 2022 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2022.01.31

Монгол Улсын 2022 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.29) 10 цаг 05 минутад эхэлж, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяаг даргалж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийг 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байна.

Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөллөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа.

Төсвийн тодотголыг хэрэгжүүлэхэд тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэр мөнгөн хөрөнгийн хувьд боломжтой боловч нэгдсэн төсвийн алдагдлын хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хэмжээнд барих шаардлагатай тул нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөлөө гэв.

Улсын Их Хурлын гишүүд төсвийн тодотголыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамаас гаргасан зарчмын зөрүүтэй саналыг танилцуулж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов