Эзэмшсэн техникээ 16 жилийн турш нэг ч удаа их засварт оруулж үзээгүй техникч
2022.02.07

Эзэмшсэн техникээ 16 жилийн турш нэг ч удаа их засварт оруулж үзээгүй техникч

Монгол Улсын аварга тариаланч хэмээх эрхэм цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж Мандал Уул” ХХК-ийн троктар комбайнч Галбадрах овогтой Энхбаяр газар тариалангийн салбарт тасралтгүй 28 жил зүтгэж байна.

Тэрээр газар тариалангийн үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрч байгаа өндөр хүчин чадалтай трактор, комбайн, үрлэгч, хор цацагчийг чадварлаг эзэмшиж, технологийн ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэснээр сүүлийн гурван жилд 1 га-аас 25.3-33.0 цн ургац хураан авчээ.

 Г.Энхбаярын хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж, Монгол Улсын аварга тариаланч хэмээх эрхэм шагнал хүртээснийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр нар өргөө гэрийнх нь хойморт хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Тэрээр өөрийн эзэмшисэн техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай хийхийн зэрэгцээ ажиллах хугацаандаа нэг ч удаа эзэмшсэн техникээ их засварт оруулж байгаагүй аж. Хаврын тариалалт, намрын ургац хураалтын үеийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, техникийн ашиглалтын үзүүлэлтийг дээшлүүлэн ажиллаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай гүйцэтгэж иржээ. Түүний энэхүү ажилч хичээнгүй, мэргэжилдээ чадварлаг байдал нь технологит хугацаанд тариалалт болон ургац хураалтыг гүйцэтгэхэд хамт олондоо үлгэр дууриалал болсоор ирсэн гэдгийг компанийн удирдлагууд онцлон сайшааж байв. Улсын аварга хэмээх эрхэм цолны эзэн Г.Энхбаяр газар тариалангийн үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрч байгаа өндөр хүчин чадалтай трактор комбайн, үрлэгч, хор цацагч, өөрөө явагч жаткыг чадварлаг эзэмшиж, технологийн ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж иржээ. Тэрээр компаний 1 га-аас авах ургацын хэмжээ жил бүр тогтвортой нэмэгдэж үйлдвэрлэлийн хэмжээ, ургац, ашиг, орлого нь дээшилж, техник технологийн шинэчлэл хийж материаллаг бааз бэхжиж,  үйл ажиллагаа нь тогтворжсоноор 2011, 2016, 2019 онуудад “Өгөөж мандал уул” ХХК Улсын тэргүүний тариаланч хамт олноор удаа дараа шалгарсан байна.

Мөн тэрээр 2008 оноос Т-150К трактор, 2011 оноос New Holland комбайн эзэмшин,  түүнийгээ хайр гамтай эдэлж, төлөвлөгөө нормоо жил бүр давуулан биелүүлсээр, хамт олноо хошуучлан ажилласаар ийнхүү өнөөдрийн өндөрлөгт хүрсэн байна. Түүний энгэрт МЗХ-ны “Тэргүүний тариаланч залуу” алтан медаль, Сумын аварга трактор-комбайнч, МАСЗХ-ны “Алтан од” тэмдэг, 2012 оны Сумын шилдэг тариаланч, ХХААХҮ-ийн Тэргүүний ажилтан, 2018 онд  МҮОНРТ-ын  Алтан түрүү, Алтан гадас одон зэрэг хүндэт шагналууд түүний хөдөлмөрийнх нь үр шимийг гэрчлэн гялалзан харагдана.