Шинэ зууны Улаанбаатарын хөгжилд эрдэмтэд саналаа нэмэрлэлээ
2009.09.28

Шинэ зууны Улаанбаатарын хөгжилд эрдэмтэд саналаа нэмэрлэлээ

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал өнгөрөгч долоо хоногт боллоо. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухааны академитай хамтран зохион байгуулсан “Нийслэлийн хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт бага хуралд манай улсын шилдэг эрдэмтэн, доктор профессорууд оролцож, Улаанбаатар хотыг дүгнэж цэгнэсэн юм. Түм түжигнэж, бум бужигнасан их хотын амьдрал өөрийн голдрилоороо урсаж, түүнийг өөдлөн дэвжээхийн төлөө нийслэлтэй нэр нэгдсэн бүхэн хичээн зүтгэж буй. Тиймээс ч эрдэмтэн, докторууд оюун ухаанаа билүүдэн, хотын хөгжилд санаагаа нэмэрлэхээр цуглажээ.

Дэлхий нийтийн хөгжлийн гол хандлага болсон шинжлэх ухаанд түшиглэсэн зорилттой манай нийслэл ч хөл нийлүүлэн алхахын тулд тулгамдсан асуудал, хэтийн төлөвөө шинжлэх ухаанчаар харж, дүгнэх нь энэ хурлын гол зорилго байсан юм. Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн үеэр Монгол улсын Шадар сайд М. Энхболд хэлсэн үгэндээ, ардчилал, зах зээлийн нийгмийн шинэ замыг сонгон хөгжиж буй манай улс дэлхийн өндөр хөгжилтэй улсуудтай мөр зэрэгцэн алхахын тулд шинжлэх ухаан, технологи, судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэх хэрэгтэй.

Ингэж шинээр цуглуулсан мэдлэг, мэдээллийнхээ үр ашгийг нэмэгдүүлэн ашиглавал хөгжлийн олон асуудлаа амжилттай шийдвэрлэж чадна гэдгийг онцолж байв. Энэхүү хуралд нийт 10 илтгэл тавигдсан бөгөөд нийслэлийн Эрхзүйн байдлын тухай хууль, эдийн засгийн бие даасан байдал, хөгжлийн тулгамдсан асуудал, хот байгуулалт зэрэг амин чухал асуудлыг илтгэгчид онцолсон байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.