Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдэл
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль УИХ-ын 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар батлагдан, хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргаж байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бодит орлого болон худалдан авах чадварыг тогтворжуулах, дотоодын зах зээл дэх гадаад валютын зохиомол эрэлтийг багасгах, гадаад валютын ханшийн хэлбэлзлийн инфляцийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлийг саармагжуулах замаар улс орны макро эдийн засгийн тогтвортой болон аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг хязгаарлах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээний үнийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэхээр хуульчлагдлаа.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкнаас бусад хуулийн этгээд, иргэдийн бараа, ажил, үйлчилгээний үнийн төлбөр тооцоонд тавих хяналт Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээнд хамаарагдахаар заасны дагуу Хорооноос дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ:
- Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, иргэд бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэж буй эсэхэд шалгалт хийнэ.
- Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа хийж буй үйлдэлд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авна.
- Хууль хүчин төгөлдөр үйлчилсэн өдрөөс хойшхи хуулийн этгээд, иргэдийн бүх төрлийн гэрээ, хэлцлийн үнийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлэхийг шаардана.
- Энэхүү хуулийг зөрчиж буй үйлдлийн талаарх бодит мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 26-64-20 дугаарын утсаар ажлын цагаар тогтмол авч, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийнэ.
- Хууль зөрчсөн хуулийн этгээд, иргэдэд зөрчлийг арилгуулах шаардлага тавьж, зөрчлийг арилгаагүй бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин, хуулийн этгээдийг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгуулах арга хэмжээ авна.
Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт хуулийн этгээд, иргэдийг энэ хуулийг дээдлэн, ёсчлон биелүүлэх үүргээ ухамсарлаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.