Байгаль орчин, аялал жуулчлалын яамд шалгалт хийж эхэллээ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамд Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл -ийн хамтарсан ажлын хэсгийн шалгалт хийж эхэллээ.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун: Бид 2019 оноос хойш өмнөх хоёр ч сайдад албан бичгээр хандаж байсан, удирдамжаа ч явуулж байлаа. Танай яамд хууль бусаар ажил үүргээсээ буусан гурван хүний асуудал байсан. В.Жавзан, Б.Оюунсанаагийн асуудлыг хурдан шийдсэнд талархаж байна. Шинэчилсэн Төрийн албаны тухай хуулиар бидний тавьж байгаа зорилго бол ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, ур чадварын шаардлага хангасан хүнийг л ажиллуулах. Төрийн албаны зөвлөл эрхэм төрийн албаны дарга, албан хаагчдаас хүсэх ганцхан зүйл бол хууль мөрдөж ажиллах юм. Танай ТНБД бол төрийн албаны мэргэшсэн албан хаагч. Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд хууль хэрэгжүүлэх гэж өөрөө гар бие зүтгэж байсан хүний хувьд энэ зовлонг ойлгох байх гэж бодож байна. Төрийн албан хаагчийн хориглосон зүйлийг Төрийн албаны тухай хуулийн 39, 37 дугээр зүйлд заасан байдаг. Үүний хэрэгжилтийг харна. Хэрэв энэ дунд зөрүү буруу юм явах юм бол томилох эрх бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, улс төрийн албан хаагчийг огцруулах мэдэгдлийг томилох эрх бүхий албан тушаалтанд нь явуулах эрхийг хуульчилсан байдаг гэв.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс яамны газар, хэлтсийн дарга нарт шалгалтын Ажлын хэсэгт бүх бичиг баримтыг саадгүй үзүүлэх чиглэл өгөөд аливаа байдлаар бичиг баримт нуух, ажлын хэсгийн гишүүдийг төөрөгдүүлсэн үйл явдал болбол хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгад үүрэг болгосон. Ажлын хэсэгт чин шударгаар хэн нэгний нөлөөнд орохгүй ажиллаж, хууль дагаж мөрдөөгүй албан тушаалтнууд байвал зохих шийдвэрийг гаргаж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлт тавилаа.
Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ төрийн албанд байгаа бугшсан системийг бид сайн цэгцлэх хэрэгтэй гэдгийг илэрхийлээд АТГ-аас гардаг Шударга байдлын үнэлгээгээр БОАЖЯ доороосоо гуравдугаарт орсон. АТГ-аас гаргадаг дараагийн Шударга байдлын үнэлгээгээр доороосоо гуравт биш ядаж эхний арван байрт орох шаардлагатай байна хэмээлээ.
Тус ажлын хэсэг нь төрийн байгууллага, удирдлагуудын үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд үнэлгээ өгөх, төрийн жинхэнэ албан хаагчийг 2019, 2020, 2021 онд сонгон шалгаруулж, томилсон үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, хүний нөөцийн чиглэлээр 2019, 2020, 2021 онд гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт гаргах зэрэг үүрэгтэй юм. Гаргасан дүгнэлтүүдийг ТАЗ болон Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулах юм.