Х.Хашчимэг: Г.Дамдинням гишүүн манай компанид ч, хөгжлийн банкны 33 тэрбумын зээлэнд ч хамаагүй
“ВМП КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ХАШЧИМЭГ: Г.ДАМДИННЯМ ГИШҮҮН МАНАЙ КОМПАНИД Ч, ХӨГЖЛИЙН БАНКНЫ 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭНД Ч ХАМААРАЛГҮЙ. БИДЭНТЭЙ ЗОРИУД ХОЛБОЖ ГҮТГЭЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА”
УИХ-ын нэр бүхий гурван гишүүнтэй холбоотой 33 тэрбум төгрөгийн зээлийн асуудлаар бид ярилцлаа. Тус 33 тэрбум төгрөгийн зээлийг “Вертекс майнинг партнер” компани Хөгжлийн банкнаас авсан байдаг. Бид тус компанийн Гүйцэтгэх захирал Х.Хашчимэгтэй ярилцлаа.
90 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАА ХӨРӨНГӨӨ ҮНЭЛҮҮЛЖ ТАВИАД 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Таныг УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгч нь гэж уншсан?
-Намайг Хашчимэг гэдэг, Вертекс майнинг партнер компанийн гүйцэтгэх захирал. Би Х.Ганхуягийн хамгийн том эгч нь. Манай бага дүү байгаа юм.
-Танай компани 2017 онд байгуулагдсан юм байна, тийм үү?
-Манай “Вертекс майнинг партнер” компани 2017 онд байгуулагдаж, одоо үндсэн болон туслан гүйцэтгэгч 1000 гаруй ажлын байр бий болгоод төдий тооны монголчуудаа ажлын байраар хангаад, улсад төлөх татвар хураамжаа төлөөд ажиллаж байна. Уул уурхайн төслүүдэд хөрс хуулалтын ажилд туслан гүйцэтгэгчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
-Энэ компанийг байгуулахаас өмнө та юу хийж байсан бэ?
-Манай компани Хера групп компаниас угшилтай. Хера компани 2003 онд байгуулагдаж, одоог хүртэл 19 жил болж байна. Миний хувьд 2003 онд Хера компани байгуулагдахаас эхлэн ажиллаж байгаад, 2017 онд Вертекс майнинг компаниа руу шилжин ажиллаж байна.
-Хөгжлийн банкнаас зээл авсан талаараа ярихгүй юу?
-Вертекс майнинг партнер компани маань Монголын бусад аж ахуйн нэгжүүдийн адилаар үйл ажиллагаагаа тогтворжуулах өргөжүүлэх зорилгоор арилжааны банкуудаас удаа дараагийн зээл авч төлөөд явж байгаа ажил олгогч аж ахуйн нэгж бөгөөд манай олон харилцагчийн нэг нь Хөгжлийн банк. 2018 онд Хөгжлийн банкнаас тоног төхөөрөмжийн өргөтгөл хийх зорилгоор 5 тэрбум төгрөгийн зээлийг зохих хууль, дүрэм журмын дагуу авч төлж барагдуулсан байдаг. 2019 оны эхээс бид Хөгжлийн банкнаас дахин зээл авах хүсэлт гарган судлуулж 2020 онд энэ яригдаад байгаа 33 тэрбумын зээлийг мөн л зохих дүрэм журмын хүрээнд 90 гаруй тэрбум төгрөгийн барьцаа тавьж авсан. Энэ зээлийг бид журмын дагуу авсан.
-УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг тухайн үед Хөгжлийн банкны захирал байхад нь зээл авах эрхээ авсан уу?
-Үгүй. Г.Амартүвшин гэдэг хүнтэй ямар ч холбоогүй л дээ. Нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн бид зээлийн хүсэлтээ 2019 онд өгч судлуулж байсан, Г.Амартүвшин гишүүнийг захирал болохоос хамаагүй өмнө манай зээлийн хүсэлтийн материал Хөгжлийн банкинд оччихсон судалгаа хийгдэж байсан гэсэн үг. Хоёрдугаарт, хэрвээ та бүхэн анзаарвал Г.Амартүвшин гишүүн захирал байхдаа гаргасан зээлүүдийн дотор манай компанийн нэр байхгүй. Манай зээл энэ хүнийг ажлаа өгсний дараа гарсан. Ер нь зээлийн хорооны шийдвэрийг ТУЗ-р баталж эцсийн шийдвэр гардаг шүү дээ.
-Нийт 33 тэрбум төгрөгийн зээлийг хэдэн төгрөгийн барьцаа хөрөнгө тавьж авсан бэ?
-Дээр дурьдсанчлан, бид зээлийнхээ барьцаанд зах зээлийн ханшаар 90 гаруй тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгийг тавьсан. Үл хөдлөх хөрөнгүүд, өмнө авсан бүх техникүүдээ хүртэл оруулсан. Түүнээс сошиалд шуугиад байгаа шиг огт барьцаагүй, бага хүүтэй зээл биш шүү дээ. Зориулалтын дагуу зарцуулагдсан. Харин банк хүний хөрөнгийг яаж үнэлдгийг та бүхэн мэдэх байх. Манай 90 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг 33,1 тэрбум төгрөгөөр үнэлсэн байсан.
-Зээлээ яг хэзээ гар дээрээ авсан бэ?
-Манай компанийн данс руу нэг ч төгрөг ороогүй. Зээлийн зориулалт нь тоног төхөөрөмж шинэчлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх зориулалттай учир манай компанийн техник худалдан авч байгаа тоног төхөөрөмж нийлүүлдэг бусад компаниудын данс руу шууд шилжсэн.
Их хэмжээний мөнгө учир нэг дор ч шилжээгүй, худалдан авалт тухай бүрт шилжсэн. Зээлийн зориулалт нь тийм юм. Түүнээс биш манайд бэлэн мөнгө орж ирээд, бид түүнийг нь хэрэглээд байсан зүйл байхгүй.
БИД 8.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗЭЭЛИЙН ХҮҮД ТӨЛСӨН
-Зээлийн хүүгээ төлж байгаа юу?
-Энэ зээл нь бас тийм бага хүүтэй зээл биш. Манай компани жилийн 12,9 хувь, сарын 1,07 хувийн хүүтэйгээр авсан. Өнөөдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд бид 8,8 тэрбум төгрөгийг зээлийн хүүндээ төлсөн байна. Хэдийгээр цар тахлын хүндхэн жилүүд таарсан ч бид цаг хугацаандаа төлөөд л яваад байгаа.
-Чанаргүй зээлүүдийн тоонд орчихоогүй юм уу?
-Яалаа гэж. Өнөөдрийг хүртэл 8,8 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлсөн байна. Цар тахлын хоёр жилийн хугацаанд уул уурхайн экспорт буурч зогсонги байдалд байсныг хүн бүхэн мэдэж байгаа. 2021 онд 7 сар бүрэн зогсолтын байдалтай байсан нь ихээхэн хүндрэл үүсгэсэн. Энэ хүндрэлийг урьдчилан тооцож бид 2020 оны 5 сараас эхлэн Монгол Улсын Хөгжлийн банкинд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хойшлуулах хүсэлтийг удаа дараа гаргаж, тасралтгүй хөөцөлдсөний үр дүнд зээлийн үндсэн төлөлтийн төлбөрийг түр хойшлуулах шийдвэр гарсан. Гэхдээ ТУЗ-ийн гишүүдийн хурлаараа орох ёстой. Тэндээс эцсийн шийдвэр гарах юм. Тиймээс бид энэ хугацаанд зээлээ төлсөөр л явна. Нийгмийн сүлжээнд тархаад байгаа шиг төлөхгүй алга болоогүй гэдгээ зориуд тодруулж хэлмээр байна. Зээл авч ажлын байр бий болгож, татвар хураамж төлөөд явна гэдэг тийм ч амар биш. Гэхдээ бид үндэсний компани босож ирэх ёстой гэдэг өөдрөг итгэл үнэмшлээр зүтгэж байна. Зориуд харлуулж, гүтгүүлээд байх хэцүү юм.
-Хэзээ төлж дуусах ёстой зээл вэ?
-2024 он гэхэд төлөх ёстой юм. Хил гаалийн нөхцөл байдал дээрдээд экспорт хэвийн хэмжээнд оччихвол бид асуудалгүй төлөөд дуусгачихна. Гэрээтэй, барьцаатай юм чинь биднээс өөр хэн ч төлөх ёсгүй.
-Зээлээрээ юу авсан бэ?
-МУ-ын ЗГ-аас хөгжлийн банкны зээл олгох тэргүүлэх чиглэлүүдийн нэгээр экспортыг дэмжих чиглэл орсон байдаг юм. Тэр хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор уулын ажлын гол хүчин чадлаа нэмж, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэхийн тулд 12 ширхэг комацу дамп, 2 ширхэг экскаватор , авто грейдер гэх мэт 40 гаруй уул уурхайн том оврын төхөөрөмж худалдаж авсан.
Зээлийн хөрөнгөөр авсан 12 ширхэг комацу дамп машин
-Энэ Комацу дампуудыг Хера компани импортлон борлуулдаг уу?
-Үгүй. Манай компанийн хувьд техник борлуулдаггүй байгаа. Бид үндсэн үйл ажиллагаандаа ашигладаг. Энэ техникийг Комацу брэндийн албан ёсны гэрээт борлуулагч Трэнсвэст монголиа импортлон борлуулдаг. Өндөр хүчин чадалтай учир сонгож худалдан авсан.
МАНАЙ КОМПАНИЙГ ЗЭЭЛЭЭ АВЧ БАЙХ ҮЕД Х.ГАНХУЯГ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООГҮЙ БАЙСАН
-Энгийн иргэн надад 33 тэрбум төгрөгийн зээл олдохгүй байтал танай компани Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авчихсан. УИХ-ын гишүүн Ганхуягийн эгч учраас, тэр хүний байгуулсан компанийн угшилтай компани учраас танайх 33 тэрбум төгрөгийн зээл авсан юм биш үү? Энэ нь иргэдэд гомдолтой санагдаж байгаа. Та энэ дээр ямар тайлбар өгөх вэ?
-За ер нь бол Хөгжлийн банкны зээл дагасан асуудал дээр хэвлэл мэдээллийнхэн болон олон нийт үнэн бодит мэдээлэл дээр тулгуурласан, олон талт мэдээллийг харьцуулж бодитой хандаасай гэж хүсч байна. Үнэхээр эрх мэдэл, давуу байдлаа ашигласан, зориулалтын бусаар зарцуулсан, барьцаа шаардлага хангаагүй зээлдэгч нарт хуулийн хариуцлага тооцож энэ асуудалд нийтээрээ шүүмжлэлтэй хандах нь зөв. Бид ч төр засгийн байр суурь, хичээл зүтгэлийг дэмжиж байгаа. Харин энэ дунд журмын дагуу барьцаагаа хангаад, зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулах гээд эрмэлзэж байгаа үндэсний үйлдвэрлэгч, экспортлогч болон импортлогч компаниуд байгааг анзаарна уу.
Олон нийтийн сүлжээгээр яригдаад байгаа шиг, улстөрийн нөлөөгөөр энэ зээлийг авсан зүйл байхгүй ээ. Дахин хэлэхэд бид олон жил бизнес хийсэн түүх, сайн харилцагчийн нэр хүндээрээ 2019 оны 1-р улиралд хүсэлтээ гаргаад, 2020 онд зээлээ авсан. Х.Ганхуягийн хувьд 2020 онд УИХ-ын гишүүн болсон. Зээлээ авах үед тэр хүн УИХ-д байгаагүй, бизнесээ хийгээд л явж байсан шүү дээ.
-Танай компани ердөө таван жилийн өмнө л байгуулагдсан юм байна. Гэтэл энэ богино хугацаанд их хэмжээний зээл авч, өнөөдөр мянга гаруй хүнийг ажлын байраар хангасан ийм том компани болж хөгжжээ. Сайхан мэт боловч үүний ард нөгөө л “дабль стандарт” байгаа учир ингэж хурдтай хөгжсөн юм биш үү?
-2003 онд байгуулагдаж, өнөөдрийг хүртэл амжилттай явж байгаа Хера компани дээр үндэслэж байгуулагдсан компани шүү дээ. Тухайн үед Засгийн газраас авч байсан экспортыг дэмжих бодлоготой манай зээлийн зорилго таарч байсан. Барьцаа хөрөнгө нь ч хангалттай байсан. Мөн бид зээлийн хэд хэдэн сайн түүхүүдтэй. Эдгээр нь банкны шаардлагыг хангахад хангалттай байсан гэж бодож байна. Бидэнд олон жилийн хөдөлмөр бүтээлээрээ бахархах эрх, түүнээ хайрлаж хамгаалах хичээл зүтгэл бас байгаа шүү дээ.
-Танай компани зээлийн материалаа бүрдүүлэхэд хэр амархан байсан бэ?
-Нэлээд хүндрэлтэй. Ер нь банкнаас зээл авах тийм амархан процесс биш. Манай улсад аливаа бизнесийн үйл ажиллагаа зээлэн дээр л суурилж явагддаг. Энэ зээлийг авахын тулд маш их хэмжээний материал бүрдүүлсэн. Материалаа бүрдүүлж дууссаны дараа зээлийн хорооны хуралдаанаар орно, ТУЗ-ийн гишүүдийн хурлаар орсны дараа батлагдаж гардаг зээл. Эцсийн шийдвэр гарч, зээлээ авах гэж бараг жил шахам хугацаанд хүлээсэн.
ЗЭЭЛЭНД ЯМАР Ч ХАМААРАЛГҮЙ УИХ-ИЙН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМЫГ ЗОРИУДААР НЭР ХОЛБОЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА.
-Тантай хамт Вертекс майнинг партнер компанийг үүсгэн байгуулсан хүн хэн бэ?
-Манай компанийг үүсгэж байгуулагч нь П.Бямбасүрэн гэж хүн байдаг. 2018 оны 6 сард бид үйл ажиллагаагаа өргөжүүлж компанийн бүтцэд өөрчлөлт орж 2 хувьцаа эзэмшигчтэй болсон. Нэг нь компани, нөгөө нь хувь хүн.
-Г.Дамдинням гишүүн танай компанитай бас холбоотой тийм үү?
-2018 оны 6 сард бид компанийн уул уурхайн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор уул уурхайн чиглэлээр өндөр хөгжилтэй оронд сайн боловсрол эзэмшсэн цөөхөн боловсон хүчний нэг гэж үзээд компанийн менежментийн багт ажиллах саналыг түүнд тавьсан. Энэ хүрээнд тавьсан саналаа баталгаажуулах зорилгоор компанийн 2 хувийг түүний нэр дээр шилжүүлж байсан. Сайн боловсролтой чадвартай боловсон хүчин олж авна гэдэг монголд маш хэцүү. Харин Дамдинням тухайн үед шууд удирдлагаар ажиллах саналаас татгалзаж харин удирдлагын багт зөвлөх чиглэлээр ажиллахаар тохирсон байсан ч удалгүй УИХ-ын гишүүн болсон тул нэрээ татаж, хувьцаанаасаа татгалзсан. Тэр шилжсэн байсан 2 хувийн хүрээнд ямар нэг ногдол ашиг, цалин олгож байгаагүй. Тус зээлтэй холбоотойгоор УИХ-ийн гишүүн Г.Дамдиннямын нэр холбогдуулж байгаад харамсаж байна. Одоо тэр хүн манай компанид ямар ч хамааралгүй , мөн энэ зээлийн асуудалд ч хамаагүй.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.