Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэнэ
2022.02.24

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-аас “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар олголт, түүний төлөвлөлт болон тус хүрээлэн үүргээ биелүүлж буй эсэхийг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа. Тус ажлын хэсгийг төлөөлөгч Б.Мягмар ахалж буй бөгөөд өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

Үндэсний соёл, амралтын хүрээлэн нь 2005 онд хувьцаат компани болон өөрчлөгдсөн бөгөөд тус компанийн тодорхой хувийг нийслэл эзэмшдэг. Мөн газар нь нийслэлийн өмч юм. Уг компанийг байгуулснаас хойш паркийн эзэмшлийн газраас хэд хэдэн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад эзэмшүүлэх шийдвэр гарчээ. Үүнээс улбаатай паркийн 35 га газраас өдгөө 31.2 га нь ҮСАХ-ийн нэр дээр байдаг байна. Тиймээс тус хүрээлэнгийн болон бусад байгууллагын газар эзэмшлийн талаар эргэн нягтлах нь зүйтэй гэж Ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн юм.

Ажлын хэсгээс эзэмшил газрыг цаашид зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалгын зориулалтаар ашиглуулах нь зүйтэй гэсэн санал боловсруулсан байна. Санал дүгнэлтээ нийслэлийн ИТХ-д танилцуулж, тогтоолын төслийг өргөн барих аж.
Мөн Ажлын хэсгийн гишүүд тус хүрээлэн нь жилдээ нэг л улирал ажиллаж, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгааг хэлж байлаа. Тиймээс тус хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.